ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудал БХБ-ын Сайдын 2015 оны 246 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа тул аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл хүсэх, сунгахад тус журмын дагуу материал бүрдүүлж ирүүлнэ үү. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлнэ.
Материалыг 246 дугаар журмын хавсралт болон маягтын дагуу дарааллаар бүрдүүлэх шаардлагатай. Өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа гарсан, тухайн байгууллагад орсон тушаалыг заавал хавсаргана.
“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 1.3.1.-д заасан тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагад заасны дагуу инженер, техникийн ажилчид үндсэн ажилтан байх ёстойг анхаарна уу.
Багаж, тоног төхөөрөмж тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн өмч байна. Түрээсээр ашигладаг багаж, тоног төхөөрөмжийн мэдээллийг хавсаргахгүй. Багажны сериал дугаар давхардсан тохиолдолд багажаа шилжүүлсэн болон шилжүүлж авсан аж ахуйн нэгжийн багаж, тоног төхөөрөмжийн нэмэлт лавлагаа шаардана. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүр өөрийн өмчийн багажтай байх шаардлагыг ГЗБГЗЗГ-ын зүгээс тавина.
Инженер, техникийн ажилчдын нийгмийн даатгалыг бүрэн бөглүүлж, ажлаас гарсан, орсон тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай.
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, сунгасан аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулахаар ирэхдээ ашиглаж байгаа норм ба стандарт, техникийн баримт бичгийг авч ирнэ.
Аж ахуйн нэгжүүд тайлангаа тухайн оны эцэст цахим хэлбэрээр өгөх бөгөөд geodesy.report@gazar.gov.mn хаягаар явуулна. Анх удаа тусгай зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжээс бусад бүх аж ахуйн нэгжүүд тайлан заавал ирүүлнэ. Аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэ асуудалд онцгой анхаарч ажиллана уу.