EN

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох үйл ажиллагаа

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал

1959 оны Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг анх удаа улсын хэмжээнд нэгтгэн боловсруулж тухайн үеийн “Хөдөлмөрчдийн хурал”-ын шийдвэрээр, 1977 онд дахин тодотгож Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулсан байдаг. Үүнээс хойш улсын хэмжээнд зарим аймаг, сумдыг нэмж байгуулах болон татан буулгах зэрэг өөрчлөлтүүдийг тухай бүрд нь зарлиг, тогтоол гаргаж баталгаажуулсан бөгөөд нийт 13 төрлийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, 15 төрлийн Улсын Их Хурлын тогтоолууд тус тус гарсан байна. Дээрх баримт, материалууд нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивд эх хувиараа хадгалагдаж хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхэд ашиглагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжид “Хилийн цэсийг өөрчлөх, тодотгох, шинэчлэх асуудлыг Улсын Их Хуралд эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ба Газрын тухай хуулийн 23.2.8 дахь заалтын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс /цаашид “хилийн цэс” гэж/-ийн асуудлыг эрхлэн Улсын хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

2021 оны байдлаар Улсын хэмжээнд 20 аймгийн 131 сум буюу нийт сумдын 38.6%-д их, бага хэмжээний хилийн цэсийн маргаан гарсан. Маргаан нь дараах шалтгаануудаас ихэвчлэн үүсэж байна. Үүнд:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг шинэчлэх, өөрчлөх тогтоол шийдвэр гаргахдаа хил залгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг уялдуулан шинэчлээгүй, хуучин тогтоолыг нь хүчингүй болгоогүйн улмаас үүссэн маргаан. /Жишээ: Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумдын хооронд/
  • Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар тогтоосон аймгийн төвийн хотуудын тэг гортигийг хэвээр нь 1994 онд сумын хилийн цэс болгон өөрчилсөн бөгөөд хүн амын өсөлт, нягтшилаас үүдэн зэргэлдээх сумдын нутагт дэвсгэрт тэлж газар ашиглалт явагдсанаас үүссэн маргаан. /Жишээ: Төв аймгийн Зуунмод сумын газар олголт тус аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хийгдсэнээс үүдэн гарсан маргаанууд/
  • Малчид, иргэд орон нутгийн хилийн цэсийн талаарх бодит мэдлэг, мэдээлэл дутмаг буюу өөрсдийн баримжаагаар хилийн цэсийг ойлгож санал зөрөлдсөнөөс үүссэн зохиомол маргаан. /Жишээ: Хилийн цэсийн шугам нь хоёр цэгийг хооронд нь шулуун шугамаар холбож үүсэх зарчмыг ард иргэд буруу ойлгож уулын хяраар, нуруудаар, хөндийгөөр гэх зэргээр баримжаалах/. 
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг анх тогтоохдоо “шон 1”, “шон 6” гэх мэтээр дугаарласан нь газар дээрээ устаж үгүй болж тодорхой бус болсноос үүссэн маргаан. /Жишээ: Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын хилийн цэсийн эргэлтийн цэгүүд нь тодорхой хэсгүүдэд Шон 1-ээс Шон-11 хүртэл дугаарласан нь одоо газар дээрээ устаж алга болсон/.
  • 1968, 1977, 1984 онуудад хийгдсэн 1:100000 масштабтай байрзүйн зураг, хилийн цэсийн зураг, газар усны нэрийн зургуудад зарим газар усны нэр, хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг алдаатай тэмдэглэгдсэнээс үүссэн маргаан. /Жишээ нь: Дархан-уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдын хиллэх Хонгорын даваа гэх эргэлтийн цэгийг даваа дээр бус хөндий газар зурагласан/
  • Улсын хэмжээнд малын тоо, толгой өсөж бэлчээр, газар нутаг, худаг, уст цэгийн хүрэлцээ муу болсноор зэргэлдээх сумтай бэлчээр, уст цэгээс болж үүссэн маргаан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын хувьд малчид, ард иргэдийн ойлголтын зөрүүгээс үүссэн буюу үнэн зөв, мэдлэг мэдээлэл дутмаг болон газар усны нэршлийг буруу нэрлэж заншсан зэргээс үүссэн маргааныг хууль, журмын хүрээнд дотоод үйл ажиллагаагаар шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд жил бүр аймгуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд холбогдох сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулан хууль, эрх зүйн заавар зөвлөгөө өгч, ажил сайжруулахад чиглэсэн 2017-А/249, 2018-А/209, 2020-10 журам, зааврыг тус тус батлуулан хүргүүлээд байна.

Мөн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаар дамжуулан орон нутгаас хилийн цэсийн маргааны бүртгэлийг жил бүр тогтмол авч, дүн шинжилгээ хийн, сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. 

Дээш буцах