EN

Уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавих

 

Газар зүйн нэр нь тухайн улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын (биет бус) өвийн онцгой нэгэн төрөл зүйл учир түүнийг хадгалан хамгаалах, үнэн зөв бичиж, ном товхимол, хэвлэл мэдээлэл, газрын зураг, атлас зэрэгт батлагдсан үнэн зөв нэрийг хэрэглэх, гадаад хэлэнд галиглах, бусад улс үндэстнүүдтэй газар зүйн нэрийг солилцох зэрэг асуудал нь төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудлуудын нэг юм. Үүгээр ч зогсохгүй газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүйн түүх, соёл, эдийн засаг, хүн амын суурьшил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг байна. Тухайлбал Монголын нууц товчоо хэмээх их хөлгөн сударт 220 гаруй газар зүйн нэр гардаг бөгөөд 120 гаруй нэр одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагаас 70 гаруй нэрийг илрүүлээд байна. Жишээ нь: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Бурхан Халдун, Бүрэг эрэг гэх мэт.

Түүхэн ном зохиолд гарч байгаа газар зүйн нэр нь ихэвчлэн бэлчээрийн даац сайтай, ус ургамал, ашигт малтмал ихтэй, ган зуд бага болдог газрууд байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс түүхэн нэрийг судлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Манай орон зах зээлийн харилцаанд шилжин, хүн амын суурьшилд ихээхэн өөрчлөлт гарснаар олон зуун жилийн түүхтэй уламжлалт газар зүйн нэр мартагдах болсон төдийгүй дур мэдэн шинээр нэр өгөх, өөрчлөх, хэвлэл мэдээлэл, ном товхимол, газрын зурагт янз бүрээр бичиж нийтлэх болж, газар зүйн нэрийг хамгаалах, журамлах асуудлууд орхигдох зэрэг олон сөрөг үр дагаврууд гарах болсон.

Үүнд: 

·         Монгол Улсад шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор газар зүйн нэр өөрчлөх явдал маш их байсан /Богд хаан уулыг Дүнжингарав уул, Гурван цаст уулыг Цамбагарав гэх мэт/;

·         Баруун аймгийн иргэд батлагдсан газар зүйн нэрийг өөрсдийн хэл рүү орчуулан нэрлэх /Баян-Өлгий аймаг/;

·         Нутаг дэвсгэрийг үр тариа тариалдаг талбайн хэмжээгээр 1000-ын пооль, 60-ын хоолой, 70-ын хөндий гэх мэтээр нэрлэх /Дорнод аймгийн Халхгол сум, Сэлэнгэ аймаг/;

·         Газар зүйн нэрийг өөрчлөн нэрлэх /Орхон аймгийн төвөөс баруун тийш явах автозам дагуу байх “Залуугийн булаг” гэсэн булгийг Орос цэргүүд байнга ирж ус авдаг байсан болохоор “Оросын булаг” гэж нэрлэсэн байна/;

·         Газар зүйн нэрийг өөр өөр бичих, галиглах /Булган аймгийн нутагт байх Цачиртын гол гэдэг уулын жижиг голыг Цочиртын гол, Сачиртын гол, Чочиртын гол гэх мэтээр нэрлэж бичсэн байна/;

·         Сүүлийн үед гар утасны сүлжээ барьдаг эсэхээр нь /Моби толгой, Скай толгой зэргээр/ нэрлэх болсон;

·         Газрын тос олборлож байгаагаар 19-ийн талбай, 21-ийн талбай гэх мэт Монгол Улсын Геодези, зураг зүйн тухай хуулийн 11.6.1-д зааснаар уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьж болно гэж заасан байдаг.

Дээш буцах