EN

Хаяг олгох дараалал

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 5.3.8-д “Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ”, 9.2.40-д “Гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж бүрэн камержуулан, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандартыг хангуулж, хотын соёлыг нэмэгдүүлнэ.” мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.2-т “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд олон улсын геодезийн сүлжээнд холбогдсон, байнгын ажиллагаатай станцуудаас бүрдсэн геодезийн хэмжил зүйн дэд бүтэц, хаягжилтын нэгдсэн системийг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулж, тэдгээрийн тоон мэдээллийг түгээх тогтолцоог үе шаттайгаар бий болгоно.” гэсэн зорилт,  Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.3-т “Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх” арга хэмжээ тус тус тусгагдсан.

Дээрх зорилт, арга хэмжээний хүрээнд 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нэгж талбар, барилгын хаяг, гудамжны нэр, дугаарыг зохих журмын дагуу шалгаж засварлан, нэгдсэн стандартад оруулж, хаягийн мэдээллийн санг үүсгэн 1:1000 болон 1:100 000 масштабтай байр зүйн зургийн мэдээллийг агуулсан, байрлалд суурилсан Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Мөн хаягжуулалтын ажлын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хаяг олгох асуудлыг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийн хүрээнд шийдвэрлэдэг байх зорилгоор Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-д өөрчлөлт оруулж Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор баталсан.

Хаягийн нэгдсэн системийг хөгжүүлж 17534 км зам зураглаж, 50134 гудамж, 75396 гудамжны эхлэл, төгсгөл, 921126 нэгж талбарын орц, гарц тэмдэглэж системд оруулснаар 1019207 нэгж талбар, 704001 барилгад хаяг олгож тус мэдээллийн сан улсын хэмжээнд хэрэглэж байна.

Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу улсын хэмжээд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 200 сум хаягийн тэмдгийг байршуулсан бөгөөд үүнээс 2022 онд 272 сая төгрөгөөр 21 сум хаягийн тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулаад байна. Хаягийн тэмдэг байршуулах ажилд нийт 2,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Дээш буцах