EN

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж туйлдаж ядарсан хүн төрөлхтнийг өлсгөлөн гуйланчлалаас гаргахад олон улсын хамтын нөхөрлөлийн хүчийг нэгтгэх зорилгоор байгуулагдсан юм.

    НҮБ-ын ХХААБ-ын үйл ажиллагаа нь манай гарагийн хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцөлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад чиглэгддэг.

    Түүнчлэн, улс орнууд өөрийн орны хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох, хүнс үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, зохистой технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч буй улс орны хүн амыг шим тэжээлт хоол хүнсээр хангахад засгийн газруудтай хамтран ажилладаг.

ГЗБГЗЗГ нь 2021 оноос “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. ДДБОС-ын 7 дугаар шатны санхүүжилтийн хүрээнд НҮБ-ын ХХААБ тэргүүлэн ажиллаж буй Хуурайшилт ихтэй газар нутгийн ойн тогтвортой менежментэд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийг (“Дорнод хээрийн төсөл”) хэрэгжүүлэх юм. Монгол Улсад уг төслийг ХХААБ нь ДБХС-тэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн гүйцэтгэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон бусад түнш байгууллагуудтай хамтран ажиллах болно.

Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртөгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэхэд оршино. Төсөл доорх газрын зурагт харуулсан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжих бөгөөд мөн улс, аймгийн түвшинд хамаарах зарим үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Дээш буцах