Даргын мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Танд энэ өдрийг мэндийг хүргэе.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар өнгөрсөн хугацаанд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, газрыг төлөвлөх, бүртгэх, үнэлэх, төлөв байдал, чанарыг хянах зэрэг газар зохион байгуулалтын цогцолбор үйл ажиллагааг хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн техник технологийн тусламжтайгаар цахимаар иргэд, олон нийтэд нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлж байна.
2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих - Хариуцлагатай газрын харилцааны жил" болгон зарлаад байна.
Өнөөдөр зөвхөн улс орны өмнө бус дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол цаашлаад газрын доройтол, бэлчээр ашиглалт, хотжилт, авто замын түгжрэл, орон сууцны хүртээмж зэрэг олон томоохон асуудлыг шийдвэрлэх шаардлага бидэнд байна.
Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжин, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралын баталгааг хангаж, иргэн бүрийг газартай болгох, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын харилцааг боловсронгуй болгохын тулд Монгол улсын Засгийн газраас газрын харилцааны салбарт томоохон шинэчлэл, реформыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороог байгуулах зэргээр энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмуудыг шат дараатай хийж байна.
Мөн Засгийн газраас удахгүй Газрын багц хуулийн төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, батлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ийнхүү хууль эрх зүйн орчныг шинэчилснээр дээрх реформ бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болох юм.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА А.ЭНХМАНЛАЙ