Газрын зах зээлийн тойм
Газрын зах зээлийн тойм
Газрын үнэд байршил, зориулалт, орчин нөхцөл, инженерийн шугам сүлжээ, бичиг баримтын бүрэн эсэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна барилга барих тусгай зөвшөөрөл буюу техникийн нөхцөл, газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, төрийн засгийн бодлого шийдвэрээс ихээхэн хамаардаг.
Мөн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь инфляцын эсрэг сайн хамгаалалт болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонирхдог бөгөөд газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг судлан зах зээлийн бүтэц, оролцогч талуудын оролцоо, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг.
Иймд газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тус системийг ашиглан нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, сумдын газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Газрын биржийн цахим системд нийт 84888 газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс тайлант онд 17440 үнийн мэдээг нэмж бүртгэсэн.
Бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 14475, худалдаа үйлчилгээний зориулалттай 816, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1627, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 522 үнийн мэдээ тус тус эзэлж байна.
Нийт цуглуулсан газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээний дундаж үнийг тодорхойлохдоо гэр бүлийн хэрэгцээ, худалдаа үйлчилгээний газрыг үл хөдлөх хөрөнгөтэй, үл хөдлөх хөрөнгөгүй ангилж тооцож гаргасан бөгөөд үл хөдлөх хөрөнгөгүй газрыг нийт худалдсан, худалдахаар санал болгосон нийт үнийн дүнгээс тооцож 1м.кв газрын дундаж үнийг тооцов. Харин үл хөдлөх хөрөнгөтэй газрын үнээс барилгын үнийг хасаж тооцвол 1м.кв газарт ноогдох үнэ харилцан адилгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгөгүй газрын дундаж үнээс бага гарч байгаа тул нийт худалдсан, худалдахаар санал болгосон нийт үнийн дүнгээс тооцож 1м.кв газрын дундаж үнийг гаргасан бөгөөд барилгын үнийг хамтад нь тооцсон.
Тайлант хугацаанд цуглуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээний 83 хувийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, 4,7 хувийг худалдаа үйлчилгээний зориулалттай газрын, 9,3 хувийг хөдөө аж ахуйн зориулалттай газрын, 3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийн мэдээ тус тус эзэлж байна.
Зураг 1.7.1. Газрын зах зээлийн үнийн мэдээний эзлэх хувь.
Мөн нийт цуглуулсан үнийн мэдээг эрхийн төрлөөр нь ангилахад 16939 өмчилсөн газрын, 419 эзэмшил газрын, 82 ашиглаж буй газрын үнийн мэдээ тус тус бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн хэрэгцээний газар:
Газрын биржийн цахим системд гэр бүлийн хэрэгцээний газрын 17,440 үнийн мэдээ бүртгэгдсэн бөгөөд уг мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд газрын үнэ нь байршил, орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамаарч харилцан адилгүй байна. Иймд аймаг тус бүрээр нь газрын дундаж үнийг тооцож гаргасан.
Зураг 1.7.2. Гэр бүлийн хэрэгцээний 1 метр квадрат газрын дундаж үнэ
Тайлант хугацаанд гэр бүлийн хэрэгцээний газрын дундаж үнэ нийслэл Улаанбаатар хотод хамгийн өндөр бөгөөд байршлаасаа хамаарч харилцан адилгүй байна. Нийслэл Улаанбаатар хотын гэр бүлийн хэрэгцээний 4841 газрын зах зээлийн үнийн мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд хөрөнгө оруулалт хийгдээгүй 1 метр квадрат газрын дундаж үнэ 18,715 төгрөг, хөрөнгө оруулалт хийгдсэн 1 метр квадрат газрын дундаж үнэ 53,667 төгрөг байна.
Мөн аймгуудын хувьд хөрөнгө оруулалт хийгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 метр квадрат газрын дундаж үнэ Завхан, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Төв, Хэнтий, Ховд, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул аймагт 10,110-23,934 төгрөг, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр, Увс аймагт 3,374-9399 төгрөг байна.
Худалдаа үйлчилгээний зориулалттай газар
Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зах зээлийн үнийн 816 мэдээнд дүн шинжилгээ хийж үзэхэд дараах байдалтай байна.
Зураг 1.7.3. Худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 метр квадрат газрын дундаж үнэ
Худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 метр квадрат газрын дундаж үнэ Улаанбаатар хотын хувьд 178,165төгрөг, Орхон аймагт 122,029 төгрөг, Сэлэнгэ, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Булган, Дорноговь, Дархан-Уул, Завхан, Баянхонгор, Төв, Өвөрхангай аймагт 44,335-83,166 төгрөгийн хооронд байна. Харин Увс, Говь-Алтай, Ховд, Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод аймагт 17,619-35,092 төгрөг байна.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад худалдаа үйлчилгээний зориулалтай газрын үнэ тайлант онд өссөн үзүүлэлттэй байна.
ХАА-н зориулалттай газар
Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн зориулалттай /Төмс, хүнсний ногоо тариалан, Жимс, жимсгэнийн усалгаагүй тариалан, Үр тарианы усалгаагүй тариалан, Өвөлжөө, хаваржааны гэх мэт/ газрын зах зээлийн үнийн 1627 мэдээг цуглуулсан байна.
Зураг 1.7.5. Үйлдвэр үйлчилгээний зориулалттай 1 метр квадрат газрын дундаж үнэ.
2022 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1’195’331 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бүртгэгдсэн ба үүнээс өмчлөгч 675926, эзэмшигч 517’872, ашиглагч 1’533 байна. 39’181 нь буюу 3.2 хувь нь газрын зах зээлийн эргэлтэнд орсон байна. Энэ өмнөх оны мэдээтэй харьцуулахад 1.2 хувиар багассан дүнтэй байна.
2022 онд 321’154 га газар буюу ойролцоогоор нийт газар нутгийн 0.205 хувь нь эдийн засгийн эргэлтэд орсон байна. Харин газар өмчлөх, эзэмших эрхийн санхүүгийн эргэлтийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж буурсан судалгаа гарсан байна.
Тухайн тайлант онд Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр ДНБ 35,2 их наяд төгрөгт[1] ба үүнийг газрын санхүүгийн эргэлтийн хэмжээтэй харьцуулахад ДНБ-ний 4.6%-ийг эзэлж газрын үр өгөөж нэмэгдэж байгаа дүн гарч байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэрэглээнд нэвтрүүлсэн Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д нэвтэрч Газрын кадастрын мэдээллийн сангаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа сонгон бусдад худалдах, түрээслэх зар мэдээллээ үнэ, төлбөргүйгээр байршуулж бусдад арилжаалах боломжтой болсон.