EN

Өндрийн сүлжээ

МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН ТУЛГУУР СҮЛЖЭЭ

Өндрийн II ангийн тулгуур сүлжээ:

Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлддэг бөгөөд батлан хамгаалах, дэд бүтэц, шинжлэх ухааны салбарт хэрэглэгддэг бүх төрлийн масштабын байр зүйн зураглалын ажлын өндрийн үндэслэл болдог. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг өндрийн I, II ангиар, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглал, инженер геодезийн ажлын өндрийн үндэслэлийг өндрийн III, IV ангийн сүлжээгээр байгуулдаг.

Монгол улсын өндрийн сүлжээг 1936 оноос анх байгуулж эхэлсэн бөгөөд энэ сүлжээг ЗХУ-ын /хуучин нэрээр/ Зэвсэгт хүчний Жанжин штабаас эрхлэн манай улсын нутаг дэвсгэрийг 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын өндрийн үндэслэлд зориулан 13 полигон, 46 шугамтайгаар байгуулжээ. Сүлжээний полигоны дундаж периметр 1200 км, репер хоорондын зай 7-10 км, суурь репер хоорондын зай 70-150 км, хөрсний реперийг дунджаар 1.3-2.0 метрийн гүнд суулгасан байна. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээний бүдүүвчийг Зураг 1-д харуулав.

Зураг 1. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээний бүдүүвч

Энэхүү сүлжээг ЗХУ-ын өндрийн сүлжээтэй Ирвэстэйн гол, Тэс, Ханх, Алтанбулаг, Дадал, Эрээнцав орчим 6 газраар холбосон. Монгол Улсын өндрийн сүлжээ нь Балтийн тэнгисийн өндрийн системд, ортометрийн өндрийн тогтолцоонд тодорхойлогдсон байна. Сүлжээний тэгшитгэн бодолтоос гарсан 1 км нивелирдлэгийн дундаж квадрат алдаа ±4 мм юм.

Өндрийн II ангийн сүлжээний шинэчлэн байгуулалт

1936-1954 онд байгуулсан өндрийн II ангийн сүлжээг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 346 дугаар тогтоолоор УГЗЗГ /хуучин нэрээр/ 1974 оноос давтан хэмжиж, шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Өмнө нь байгуулсан өндрийн II ангийн сүлжээг өтгөрүүлэх, том полигоныг багасгах, шинээр шугам нэмж давтан хэмжилтийг хийсэн бөгөөд шинэчлэн байгуулсан сүлжээний полигоны тоо 17, шугамын тоо 51, дундаж периметр 1000 км болсон. Нийт 14030.5 км хээрийн хэмжилтийг дараах төрлийн 3039 цэгийг хамруулан гүйцэтгэсэн байна. Үүнд:

  • Хөрсний репер-2048
  • Хадны марк-568
  • Суурь репер-259
  • Хананы репер-19
  • Триангуляцын цэг-96
  • Гравиметрийн цэг-26
  • Түр репер-19 реперийг хамруулан хэмжсэн байна.

Суурь репер хоорондын зай дунджаар 56 км, хамгийн их нь 74 км, репер хоорондын зай дунджаар 5 орчим км, хамгийн их нь 7 орчим км болж өөрчлөгдсөн. Тэгшитгэн бодолтыг 1996 онд гүйцэтгэсэн. Энэ сүлжээний хэмжилт төлөвлөсөн нарийвчлалыг бүхэлд нь хангаж чадаагүй боловч 41 шугам II ангийн, 8 шугам III ангийн, 2 шугам IY ангийн нарийвчлалыг тус тус хангасан байна. Шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээг Зураг 2-д харуулав.

Зураг 2. 1974-1996 онд шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээний бүдүүвч

            2011 оноос өндрийн II ангийн сүлжээг давтан хэмжиж эхэлсэн бөгөөд Өндөрхаан-Чойбалсан, Чойбалсан-Олон худаг, Олон худаг-Тамсаг булаг, Олон худаг-Хангай нуур, Тамсаг булаг-Сангийн далай, Сангийн далай-Хангай нуур, Хангай нуур-Хавцгайт худаг, Хавцгайт худаг-Өндөрхаан хүртэлх нийт шууд, урвуу чиглэлд 3200 км урттай 9 шугам, 3 полигоныг давтан хэмжсэн.

Зураг 3. 2011-2013 онд давтан хэмжсэн өндрийн II ангийн сүлжээний бүдүүвч

Өндрийн I ангийн тулгуур сүлжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2023 онд өндрийн I ангийн сүлжээг  Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан 4300 км урттай 8 шугам, 2 полигон, 540 цэгтэйгээр байгуулсан. Өндрийн I ангийн сүлжээний бүх цэгүүдэд GNSS-ийн болон гравиметрийн сүлжээний хэмжилтийг хийж, сүлжээг тэгшитгэн бодож, сүлжээний цэгийн каталогийг гаргасан.

Зураг 4. Монгол улсын өндрийн I ангийн сүлжээ (2014-2023 он)

 

 

2020-2021 онд 140 цэгтэй 1250 км урттай өндрийн 1-р ангийн 2 шугамыг байгуулсан. Уг сүлжээний бүх цэгүүдэд GNSS-ийн болон гравиметрийн сүлжээний хэмжилтийг хийж, сүлжээний нэгдсэн тэгшитгэн бодолтыг 2022 онд хийв.

 

Зураг 5. 2014-2021 онд байгуулсан Монгол улсын өндрийн I ангийн сүлжээ

 

 

 

Дээш буцах