EN

Газрын дуудлага худалдаа

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээ, тайлан

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2022 онд дараах тогтоол, журам, аргачлалуудын дагуу Улсын хэмжээнд зохион байгуулан ажиллав. Үүнд:

-     Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”;

-     Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”;

-     Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол;

-     Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”.

            Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа

Улсын хэмжээнд 2022 онд 4225 удаа газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулснаас 1585 дуудлага худалдаа хүчинтэй болж, 14911.1 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулж үзвэл газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулсан тоо 1965-ээр, эзэмшүүлсэн газрын хэмжээ 6985.1 га-гаар нэмэгдэж, Улсын төсөвт оруулсан орлогын хэмжээ 28 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 2022 онд нийслэл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл, аймгууд хамгийн олон буюу 100-аас дээш газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, бусад аймгууд 13-94-ийн хооронд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

2021 он, 2022 онд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулсан тоог аймаг, нийслэлээр харьцуулан дараах зурагт үзүүлэв /Зураг 1.8.1/.

                          Зураг 1.8.1. 2021 он, 2022 онд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулсан тоо

 

            2022 онд нийт 4,225 удаагийн дуудлага худалдааг зохион байгуулснаас 2,595 удаагийн буюу 61.4 хувь нь хүчингүй болсон ба үүнээс 2018 удаагийн буюу 77.7 хувь нь оролцогчгүйн улмаас хүчингүй болж, 467 удаагийн буюу нийт зохион байгуулсан дуудлага худалдааны 11.1 хувь нь дуудлага худалдааны үнийг “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасан хугацаанд төлөөгүй байна.

Мөн дуудлага худалдаанд оролцогч ирээгүй тохиолдол 51.6 хувь болж 11.8 хувиар өссөн, 1 оролцогч оролцсон тохиолдол 10.6 хувь болж 0.8 хувиар өссөн, 2 оролцогч оролцсон тохиолдол  21.3 хувь болж  3.4 хувиар буурсан, 2-оос дээш оролцогч оролцсон тохиолдол 16.5 хувь болж 7.5 хувиар буурсан байна /Зураг 1.8.2/.

Шинэчлэн батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д цахим хэлбэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаар тусгагдсаны дагуу 2022 онд Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Харин бусад аймгууд дараах байдлаар цахим болон танхимын хэлбэрээр дуудлага худалдаа зохион байгуулсан байна /Зураг 1.8.3/.

Зураг 1.8.3: 2022 онд цахим хэлбэрээр зохион байгуулсан дуудлага худалдаа

 

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар Улсын хэмжээнд 2022 онд нийт 42 тэрбум 966 сая 560 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээс Улаанбаатар хотын хэмжээнд 2 тэрбум 738 сая төгрөг буюу 6.4 хувь, Дорноговь аймгаас 59.2 хувь буюу  25 тэрбум 443 сая төгрөг, Төв аймгаас 6.1 хувь буюу 2 тэрбум 663 сая төгрөг, Сэлэнгэ аймгаас 3.2 хувь буюу 1 тэрбум 393 сая төгрөг, Архангай аймгаас 3.0 хувь буюу 1 тэрбум 281 сая төгрөг, Өмнөговь аймгаас 4.3 хувь буюу 1 тэрбум 853 сая төгрөг, Хэнтий аймгаас 3.9 хувь буюу 1 тэрбум 680 сая төгрөгийг тус тус төвлөрүүлснээр тэргүүлж байна /Зураг 1.8.4/.

Зураг 1.8.4: 2020 он, 2021 онд улсын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар улсын төсөвт орсон орлого /тэрбум төгрөг/

 

2021 онд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны орлогоос орон нутгийн төсөвт 14.7 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол уг дүн 2022 онд 28.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 42.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш дуудлага худалдааны орлого тогтмол нэмэгдсэн бөгөөд тухайн тайлант онд дуудлага худалдааны орлого 2.9 дахин нэмэгдсэн байна /Зураг 1.8.5/.

Зураг 1.8.5. 2010-2022 онд улсын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар улсын төсөвт орсон орлого /тэрбум төг/

 

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4 тэрбум төгрөг улсын төсөвт ордог байсан бол Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг 2016 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлж, дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг болсноор дуудлага худалдаанаас улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэж 2022 оны байдлаар дуудлага худалдааны орлого 42.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 

 Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт

Улсын хэмжээнд 2022 онд Архангай, Дорноговь, Дундговь,Өмнөговь, Төв, Ховд, Хэнтий аймагт 139 газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулснаас нийт зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтаас 67 нь хүчинтэй болж, 356’440.1 га газрыг эзэмшүүлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулж үзвэл газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан тоо 2.3 дахин нэмэгдсэн байна. /Хүснэгт 1.8.2/.

Бусад аймаг, нийслэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй.

Хүснэгт 1.8.2. 2022 оны газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын мэдээ

2022 онд 58 газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаас 15 удаагийн буюу 25.8 хувь нь төсөл ирээгүйн улмаас хүчингүй болжээ /Зураг 1.8.6/.

Зураг 1.8.6. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын оролцогчийн эзлэх хувь

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн хугацааны хувьд авч үзвэл ихэвчлэн 15 жилээр эзэмшүүлсэн байна.

 

Дээш буцах