Дунд масштабын байр зүйн зураг
Дунд масштабын байр зүйн зураг, агаарын зургаар Монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулсан байдал:
Монгол орныг зурагжуулах ажил нь дэд бүтэц, хөдөө аж ахуйн, батлан хамгаалах, аюулгүй байдал, аялал жуулчлал гэх мэт салбаруудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны эхлэлийг тавих төлөвлөх ажлын эхлэл байдаг. Энэ үүргээ Улсын геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ амжилттай гүйцэтгэж ирсний баталгаа нь бусад яам, байгууллагуудын захиалгаар гүйцэтгэж байсан зурагжуулалтын ажлууд юм. Эдгээр зурагжуулалтын ажлыг дараах ажлуудыг хийж гүйцэтгэхэд суурь болон хийж байсан байна.
Үүнд:
- Газрын тоо бүртгэл явуулах,
- Аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын төсөл төлөвлөгөө зохиох,
- Тариалан хадлан бэлчээрийн ашиглалтыг сайжруулах,1 га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулах,
- Хөрсний агрохимийн найрлага бүтцийг судлах,
- Атар газар эзэмших,
- Хадлан бэлчээрийн талбайг судлах,
- Хөрсний эвдрэлээс хамгаалах,
- Ойн нөөцийг судлах,
- Геологийн эрэл хайгуулын ажил явуулах,
- Ашигт малтмалын нөөцийг тооцоолон геологийн судалгаа явуулах, түүний эдийн засгийн үр ашгийг гаргах,
- Зам харилцаа, шугаман байгууламжийн төсөл хийх,
- Усны эрэл хайгуулын зураглал хийх,
- Усалгаатай систем байгуулж малын тэжээлийн таримал ургамал тариалах,
- ХАА таримал ургамлын материаллаг баазыг бэхжүүлэх,
- Олон наст ургамлыг туршин тариалж мал сүргийг тэжээл бордоогоор хангах,
- Улс ардын мал аж ахуйг тогтвортой өсгөх ажлын эдийн засгиййн тооцоо хийх,
- Усан сан байгуулах
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1939-1970 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучин нэрээр) Батлан Хамгаалах Яамны Цэргийн байр зүйн зургийн газраас эрхлэн Улсын геодезийн байрлал, өндрийн сүлжээ байгуулж, зурагжуулах ажлын эх үүсвэрийг тавьсан байдаг.
1:25 000-ны масштабтай байр зүйн зураг
Геологи хайгуул, усны аж ахуй, улс орны хэтийн төлөвлөлтийг хийхэд 1:100 000-аас том масштабын зургийн хэрэгцээ шаардлага гарч 1973-1998 онд УГЗЗГ /хуучин нэрээр/-аас 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар хийсэн. 1:25 000-ны масштабтай байр зүйн зургаар Монгол орны нутаг дэвсгэрийн 34 орчим хувь хамрагдсан бөгөөд тэдгээрийг хөдөө аж ахуйн бүртгэл тооцоо гаргах, хадлан бэлчээрийг усжуулах, ашигт малтмалын нөөцийг нарийвчлан тогтоох, үйлдвэр барьж байгуулах, зам харилцаа хөгжүүлэх зэрэг ажлуудад эх материал болгон ашигладаг.
1993 оны 3-р сараас 1996 оны 6-р сарын хооронд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын санхүүжилтээр, Дорнод аймгийн Улаанцавын районы 10800 км.кв талбайн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалыг Япон улсын “Паско-Интернешнл Инк” компани УГЗЗГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн.
Одоо ГЗБГЗЗГ-ын байр зүйн зургийн мэдээллийн санд 6 230 нэрэлбэрийн 1:25 000-ны масштабтай байр зүйн цаасан зураг хадгалагдаж байна.
ГЗБЗЗГ нь Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түхэц болж чадахүйц илүү нарийвчлалтай, сүүлийн үеийн мэдээлэл бүхий байр зүйн зургаар хангахын тулд нийт нутаг дэвсгэрийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг 2011 онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. “Шинээр баригдахаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25 000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” төслийг агаарын зураглалын аргаар хийж гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд агаарын зураг, өндрийн тоон загвар, байр зүйн зураг мэдээллийн сангийн хамт хийгдсэн.
Зураг 2. Монгол орны 45%-ийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан талбай
1:50 000-ны масштабтай байр зүйн зураг
Монгол орныг зурагжуулах, геологи, хайгуул, хөдөө аж ахуй зэрэг улс ардын аж ахуйн бүх салбарт зураг төсөл боловсруулах, улс орноо батлан хамгаалах хэрэгцээг байр зүйн зургаар хангах ажлын хүрээнд Улсын геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-аас 1:50 000-ны масштабтай зургийг 1977-1994 онд хийсэн бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 44 орчим хувийг хамарсан. /Зураг 3/-д харуулав.
Зураг 3. Монгол орны 38%-ийг 1:50000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал
1:50 000-ны масштабтай байр зүйн зургийг хиймэл дагуулын зураг ашиглан зохиох шинэ техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр АНУ-ын буцалтгүй тусламжаар “Өндөр нарийвчлалын сансрын зургаар 1:50 000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2012 онд хэрэгжүүлж Замын-Үүд, Сайншандын нутаг дэвсгэрийг хамарсан 12 хуудас 1:50 000-ны масштабтай байр зүйн тоон зургийг зохиосон байна. Уг төсөл нь манай улсад байр зүйн зургийг сансрын зураг ашиглан зохиох, тоон зургийн алдаа шалгах үйл явцын талаар таниулсан ажил байлаа.
1:100 000-ны масштабтай байр зүйн зураг
Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан хамгийн том масштабын зураг бол 1:100 000-ны масштабтай байр зүйн зураг байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг УГЗЗГ (хуучин нэрээр)-аас 1961 оноос хойшхи агаарын зураг ашиглан 1945 оны байр зүйн зургийн үндэслэлээр, 1970-аад оны тодруулалтын материалд тулгуурлан зураглаж 1984 онд хэвлэжээ.
Улс орны хөгжлийн дагуу шугаман байгууламж, зам харилцаа, суурин газар шинээр нэмэгдэж, тоон технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Монгол орны дэд бүтэц, геологи уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хот төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажил болон шийдвэр гаргагчдын түвшинд ч байр зүйн тоон зургийг ашиглах, түүнээс олж авах мэдээллийн хэрэгцээ ихэссээр байгаатай уялдуулан 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлж, зурагт тусгагдах мэдээллүүдийг шинэчлэх, баяжуулах зэрэг хэрэглэгчдийн байнгын эрэлт хэрэгцээг хангах шаардлага. 1:100 000-ны масштабтай нийт 1210 хуудас байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг 2004-2006 онд хийж дуусгасан.
Зураг 4. 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлсэн байдал
Тоон хэлбэрт шилжүүлсэн 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг шинэ агуулгаар баяжуулан нийтийн хэрэгцээнд ашиглахын тулд хээрийн болон суурин тодруулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ зорилгоор 2008 оноос байр зүйн зургийн тодруулалтын ажлыг эхлүүлж 2013 оноос 998 хуудас зургийн тодруулалт, шинэчлэлтийг сансрын зураг ашиглан гүйцэтгэсэн.
Монгол орны газар нутгийг бүхэлд нь бүрхсэн 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлснээр байр зүйн зургийн мэдээллүүдийг шинэчлэн, баяжуулах, нууцын зэрэглэл бүхий элементүүдийг авч нийтийн хэрэгцээнд гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, интернет үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангах боломжтой болж, орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах ажлын суурь болон ашиглагдаж байна.
Агаар, сансрын зураглал
Монгол Улсад агаарын зураглалын ажлыг анх 1944-1949 оны үед ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн байр зүйн албанаас Монгол орны нутаг дэвсгэрийг 1:100000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах зорилгоор 1:40000-1:60000-ны нислэгийн масштабтай агаарын зургийг ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар авч байсан.
1960 оны үеэс агаарын зураглалын ажил дахин сэргэж ЗХУ-ын Геодези, зураг зүйн ерөнхий газраас Монгол орны нутаг дэвсгэрийг дунд масштабын байр зүйн зургаар зурагжуулах зорилгоор 1:32000, 1:45000-ны нислэгийн масштабын агаарын зураглалын ажлыг эрчимтэй гүйцэтгэж байсан.
1980 онд УГЗЗГазар (хуучнаар) нь агаарын зураглалын Ан-30 онгоцыг тоног төхөөрөмжийн хамт худалдан авч үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр агаарын зураглал хийх, боловсруулах ажлыг гүйцэтгэх болсон ба дээрх ажлын үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар, нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг 1:25 000-ны масштабын, 21.9 хувийг 1:50 000-ны масштабын байр зүйн зургаар тус тус зурагжуулсан юм.