Байрлалын сүлжээ
Монгол Улсын байрлалын сүлжээ нь триангуляци, полигонометрийн сүлжээний бүх анги, зэргийн цэгүүд, астрономийн хэмжилт хийсэн лапласын цэгүүд болон GPS-ийн сүлжээний 3 анги, зэргийн цэгүүдээс бүрддэг.
Монгол Улсын геодезийн байрлалын сүлжээ
Триангуляцийн сүлжээ
БНМАУ-ын /хуучин нэрээр/ нутаг дэвсгэрийг 1:100000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад зориулсан байрлал, өндрийн сүлжээ байгуулах зорилгоор ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ цэргийн байр зүйн удирдах газар, түүний анги салбарууд эрхлэн 1936 оноос байгуулж эхэлсэн.
Монгол орны геодезийн сүлжээг трингуляцийн аргаар 1 дүгээр анги, үндсэн эгнээний 2 дугаар анги, триангуляцийн 2, 3, 4 дүгээр ангиар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээнд тулгуурлан 1936-1954 онд байгуулсан.
Триангуляцийн сүлжээний солбицлыг ОХУ-ын Пулково Одон орны оргилоос эхтэй Пулково1942 оны солбицолын тогтолцоонд, Крассовскийн референц эллипсоид дээр тодорхойлсон.
Триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээ нь Монгол орны баруун болон хойд хэсэгт, ЗХУ-ын триангуляцийн 1 ангийн 88, 89, 90 дүгээр полигоны үргэлжлэл байдлаар тодорхойлогдсон.
Үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээг Гауссын 6 градусын 15-20 дугаар бүсийн хооронд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан эгнээ байдлаар, 15 полигон, 9 хагас полигон үүсгэсэн 47 эгнээгээр байгуулсан.
Триангуляцийн 2 дугаар ангийн сүлжээг үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээг өтгөрүүлэн, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бүрхсэн байдлаар байгуулсан. Үүнд:
- Астрономийн I ангийн 24 цэг;
- Лаплассын 50 цэг;
- Астрономийн ажиглалтаар тодорхойлсон 54 геодезийн азимут,
- 270-320 км тутамд орших 36 суурь талтай.
Триангуляцийн сүлжээний 1 цэгийн үйлчлэх талбайн хэмжээ нь харилцан адилгүй, нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт 1 цэгт 66км.кв, төвийн хэсэгт 200км.кв, баруун хэсэгт 535км.кв, дундажаар 438км.кв талбай ноогдож байна. Сүлжээний бүдүүвчийг Зураг 1-д харуулав.
Зураг 1. Монгол Улсын триангуляцийн сүлжээ
Триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээг ЗХУ-ын /хуучин нэрээр/ триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээтэй хамт астрономи-геодезийн сүлжээг тэгшитгэн бодох зарчмаар ЗХУ-ын /хуучин нэрээр/ ГУГК-ийн Тооцоолон бодох төвд 1946 онд тэгшитгэн бодсон байна.
Триангуляцийн сүлжээний цэгүүдийн солбицлын жагсаалтыг 1: 1000000-ны трапецийн хэмжээгээр анх зохиож, 1954 онд нэгтгэн хэвлэсэн бөгөөд уг каталогид сүлжээний цэгийн нэр буюу дугаар, цэгийн солбицол, өндөр, цэг дээр босгосон тэмдэгтийн хэлбэр (сигнал, пирамид, тур г м.), тэмдэгтийн өндөр, суулгасан төвийн хэлбэр ба дугаар, триангуляцийн зэргэлдээх цэгүүд хүртэл зай, зүглүүр (дирекционный угол)-ийн өнцөг, зовхисын чиглүүлэг (ориентир) хийсэн цэгийн өнцөг, зай болон сүлжээг хэдэн онд хийсэн, ажлын дугаар, солбицлын бүс дамжиж байгаа цэгүүдийн солбицол, зэргийг тусгасан байна.
1960-1970 аад оны хооронд газар тарианлангийн бүс Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт 1:25 000-ны масштабтай байр зүйн зураг хийхэд зориулсан триангуляцийн I ба II зэргийн сүлжээг орон нутгийн солбицлын системд дотоодын мэргэжилтнүүд байгуулсан.
Сүлжээний 1 цэг 45-60 км.кв талбайд үйлчилэхээр байгуулж, цэгүүд дээр 5-6 м өндөр модон суварга буюу вех (шав мод) босгожээ. ЗХУ-ын /хуучин нэрээр/ Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн байр зүйн удирдах ерөнхий газрын анги, салбарууд 1966-1969 онуудад Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа триангуляцийн сүлжээний цэгүүдэд судалгаа хийж, нутаг дэвсгэрийг 1:50000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын үндэслэл болгон нутгийн зүүн хагас ба өмнөд хэсгээр 3 ба 4 дүгээр ангийн триангуляцийн сүлжээгээр өтгөрүүлэх ажлыг 1985 он хүртэл хийж гүйцэтгэсэн байна. УГЗЗГ байгуулагдсан 1970 оноос эхлэн 1985 он хүртэл 1:25000-ны масштбатай байр зүйн зураглалын ажлын үндэслэл болгон Триангуляцийн 3, 4 дүгээр ангиар өтгөрүүлэлтийн сүлжээ хэсэг хэсэгээр байгуулсан байна. Мөн 1985-1993 онд Монгол-БНХАУ-ын хилийн зурвасын дагууд 60 орчим км-ийн өргөн зурвасаар (Өлгий, Даяннуур, Байтаг, Алтай, Цагаанбогд, Онч хайрхан, Галбын говь, Борхойн тал, Дарьганга, Соёлз объектууд) болон Монгол орны баруун бүс нутагт (Хяргас, Зэлийн гол объектууд) мөн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын үндэслэл болгон триангуляцийн 2 дугаар ангийн өтгөрүүлэлтийн сүлжээ байгуулсан байна.
Трилатериацийн сүлжээ
1990 онд Хэрлэн объектийн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын үндэслэлийг Трилатериацийн аргаар, 2 дугаар ангийн нарийвчлалаар байгуулсан. Триангуляцийн 2, 3 ба 4 дүгээр ангийн сүлжээг триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээнд тулгуурлан чиглэлээр нь, нөхцөлт хэмжилтийн аргаар тэгшитгэн бодсон байна.
GPS/GNSS-ийн сүлжээ
Олон Улсад GPS-ийн технологи иргэний зориулалтаар ашиглаж эхэлсэнээр Монгол улсад GPS-ийн технологиор геодезийн сүлжээг 1997 оноос байгуулж эхэлсэн. 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл геодезийн байрлалын сүлжээг GPS/GNSS-ийн технологиор байгуулж байна. Үүнд:
- Монмет ХХК, ГХГЗЗГ-ын хамтран байгуулсан 30 цэгтэй GPS-ийн сүлжээ /1997 он/
- Монмэп ХХК-ийн байгуулсан 34 цэгтэй сүлжээ /1997-1998 он/
- Монгол улс-БНХАУ-ын хилийн шугамын дагууд байгуулсан 60 цэгтэй сүлжээ /2002 он/
- Монгол-ОХУ-ын хил шалгалтын ажилд зориулсан GPS-ийн 8 цэгтэй сүлжээ /2002 он/
- Газар тариалан, Хангайн, Баруун, Говийн болон зүүн бүсийн GPS-ийн сүлжээ /2003-2006 он/
- Монгол орны өндрийн сүлжээний зангилаа цэгүүд дээр хийгдсэн GPS-ийн сүлжээ /2010 он/
- Шинээр баригдах төмөр замын дагууд /МУ-ын нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажил/ хийгдсэн GPS-ийн сүлжээ /2011 он/
- Гравиметрийн сүлжээний цэгүүд дээр хийгдсэн GPS-ийн сүлжээ /2013 он/ - Монреф сүлжээний цэгүүдийн давтан хэмжилт /2014 он/
- Ази Номхон далайн бүс нутгийн геодезийн сүлжээ
GPS-ийн тулгуур сүлжээ
Монгол Улсын геодезийн тулгуур сүлжээг хиймэл дагуул (GPS)-ын технологиор шинэчлэх анхны алхам нь Улсын геодези, зураг зүйн газар, Монмет инженер ХХК-тай хамтран 1997 онд байгуулсан сүлжээ юм. Уг сүлжээнд гравиметрийн I, II анги, триангуляцийн 2 ангийн нийт 30 цэгийг хамруулан хэмжсэн бөгөөд сүлжээний бүдүүвчийг Зураг 2-т үзүүлэв.
Зураг 2. Монмет ХХК-ийн 1997 онд байгуулсан GPS-ийн сүлжээ
Арвайхээр, Чойбалсан, Ховд гэсэн цэгүүд дээр GPS-ийн 5 хоногийн тасралтгүй хэмжилтийг GPS-ийн олон улсын байнгын ажиглалтын IGS системийн Wuhan, Xian, Irkutsk цэгүүдтэй холбож хийсэн ба эдгээр 3 цэгийн бодолтын үр дүнг Монгол Улсын GPS-ийн геодезийн сүлжээний тулгуур цэг болгон авсан бөгөөд харин гравиметрийн 0012 (Арвайхээр) цэгийг сүлжээний эхлэлийн цэгээр сонгон авсан байна.
Монмэп ХХК нь 1997-1998 онуудад Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газрын захиалгын дагуу GPS-ийн сүлжээ байгуулсан. Уг сүлжээнд ихэвчлэн Триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн болон Триангуляцийн 2 дугаар ангийн нийт 34 цэгийг хамруулсан байна. Хэмжилтийг 10-12 цаг үргэжлэх 2 сезоноор гүйцэтгэсэн байна. Энэ сүлжээний Улаанбаатар (Оорцог овоо), Даланзадгад, Чойбалсан, Ховд, Сүхбаатар зэрэг цэгүүд дээр 7 хоногийн GPS-ийн тасралтгүй статик хэмжилт хийж, олон улсын IGS сүлжээний IRKUTSK, TSUKUBA, TAJON, XIAN, LHASA цэгүүдтэй холбож ITRF97 системд солбицлыг тодорхойлсон байна. GPS-ийн сүлжээний эхлэл цэгээр улсын триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн “Оорцог овоо”-г сонгон авч улмаар энэ цэгийг Буянт ухаа дахь улсын гравиметрийн 1 ангийн 0049 дүгээр цэгтэй холбосон байна. Сүлжээний бүдүүвчийг Зураг 3-т үзүүлэв.
Зураг 3. Монмэп ХХК-ийн 1997-1998 онд байгуулсан MONREF-97 сүлжээ
Дээрх сүлжээнд үнэлгээ хийх, тэгшитгэн бодох ажлыг Швед улсын Swedesurvey байгууллага гүйцэтгэсэн бөгөөд Европын стандартын B ангилалын сүлжээний нарийвчлал хангасан гэж дүгнээд, 1997.8 эрин дэх ITRF2000 солбицолын системд, олон улсын IGS-ийн IRKT, KIT3, KSTU, LHAS, POL2, TAEJ, TSKB, XIAN, WUHN станцуудад тулгуурлан тэгшитгэн бодолтыг гүйцэтгэсэн. Уг сүлжээг Монгол орны GPS-ийн тулгуур сүлжээ болгон ашиглах МОНРЕФ97 сүлжээ гэж нэрлэсэн. Мөн МОНРЕФ97 сүлжээ болон 1942 оны солбицлын систем хоорондын хөрвүүлэлтийн параметрийн 5 бүс тус бүрд тооцож гаргасан.
Монгол Улс-БНХАУ-ын хилийн дагуу байгуулсан GPS-ийн сүлжээ
Монгол Улс-БНХАУ-ын хилийн шугамыг шалгах, хилийн зурвасын дагуу 1:25000-ны масштабтай байр зүйн зураг хийх ажлын геодезийн байрлалын үндэслэлд зориулж 60 цэгтэй сүлжээ байгуулсан. Сүлжээний бүдүүвчийг Зураг 4-д үзүүлэв.
Зураг 4. Монгол Улс-БНХАУ-ын хилийн шугамын дагуу байгуулсан GPS-ийн сүлжээний бүдүүвч
Монгол Улс-БНХАУ-ын хилийн дагуу байгуулсан GPS-ийн сүлжээ
Монгол Улс-ОХУ-ын хилийн бүсийн дагууд 8 цэгтэй сүлжээг ГХГЗЗГ-аас 2002 оны 7 дугаар сард байгуулсан. Сүлжээнд Улаангом, Тэс, Мөрөн, Сүхбаатар, Өндөрхаан, Чойбалсан хотуудад байгуулсан МОНРЕФ-97 сүлжээний 6 цэг, улсын нивелирдлэгийн сүлжээний Хутаг-Өндөр, Өгийнуур, Улаанбаатар хотын 1747 тоот репер зэрэг 9 цэгийг хамруулсан. Хэмжилтийг 72 цагийн тасралтгүй үргэлжлэх 1 сезоноор гүйцэтгэсэн. Сүлжээний тэгшитгэн бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ-ээс 2009 оны 11 дүгээр сард дахин гүйцэтгэсэн. Тэгшитгэн бодолтод Bernese 5.0 программ хангамжийг ашигласан ба олон улсын IGS сүлжээний BJFS, IRKT цэгүүдийг тулгуур болгон ашигласан. Сүлжээний нарийвчлал 0.00633м болсон. Уг сүлжээний цэгүүдийн байрлалыг Зураг 5-д үзүүлэв.
Зураг 5. Монгол-ОХУ-ын хилийн бүсийн дагууд байгуулсан GNSS сүлжээний бүдүүвч
GPS/GNSS-ийн үндсэн болон дэд сүлжээ
Монреф97 сүлжээг өтгөрүүлэх зорилгоор 2003-2006 онуудад “Монгол улсын хиймэл дагуулын үндсэн болон дэд сүлжээ”-г байгуулсан. Үндсэн сүлжээг 4 бүс болгон хувааж 4 жил дараалан хэмжиж гүйцэтгэсэн. Үүнд:
- Газар тариалангийн бүс 42 цэг
- Хангайн бүс 32 цэг
- Баруун бүс 29 цэг
- Говийн болон зүүн бүс 56 цэг Нийт 159 хэмжигдсэн ба үүнээс бүсийн залгаас дээр 23 цэг давхар хэмжилттэй, 136 цэгийн солбицолыг тодорхойлсон байна.
Сүлжээний бүдүүвчийг зураг 6-д харуулав. Үндсэн сүлжээний бүс тус бүрийг полигонуудад хуваан 24 цагийн 1 сезоноор хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтийн тэгшитгэн бодолтыг 2007 онд Швед улсад гүйцэтгэсэн. ГХГЗЗГ-ын ГЗЗХ-ээс дээрх сүлжээний тэгшитгэн бодолтыг Bernese 5.0 програм хангамжаар 2009, 2014 онуудад 2 удаа дахин гүйцэтгэсэн байна. Уг ажлын хүрээнд сум, суурин газарт тус бүр 2 цэгт дэд сүлжээний хэмжилт гүйцэтгэсэн ба хэмжилтийг дээрх үндсэн сүлжээний цэгүүдэд тулгуурлан 6 цаг үргэлжлэх 1 сезоноор гүйцэтгэсэн байна.
Зураг 6. Газар тариалангийн бүс, Хангайн бүс, Баруун бүс, Говийн болон зүүн бүсийн GPS-ийн сүлжээ
Өндрийн сүлжээний зангилаа цэгүүд дээр байгуулсан GPS-ийн сүлжээ
Монгол орны өндрийн сүлжээний зангилаа цэгүүд дээрх GPS-ийн сүлжээг 2010 оны 9 дүгээр сард нийт 32 цэгийг хамруулан байгуулсан байна. Өндрийн сүлжээний зангилаа цэгүүдийн байрлалыг Зураг 7-д үзүүлэв.Сүлжээний хэмжилтийг 28 цаг үргэлжлэх 1 сезоноор нэгэн зэрэг хэмжсэн.
Зураг 7. Өндрийн сүлжээний зангилаа цэгүүдийн байрлалын бүдүүвч
Сүлжээний тэнцэтгэн бодолтыг мөн ГХГЗЗГ-ын ГЗЗХ хариуцан хийж гүйцэтгэсэн.
Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу байгуулсан GPS-ийн сүлжээ
2012 онд “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн хүрээнд Дундговь, Архангай, Өвөрхангай, Завхан, Төв, Говьсүмбэр, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан GPS-ийн сүлжээ байгуулсан. Энэхүү сүлжээ нь 125 цэгтэй. Сүлжээний бүдүүвчийг Зураг 8-д харуулав.
Зураг 8. “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн хүрээнд байгуулсан сүлжээний бүдүүвч
GPS-ийн сүлжээнд дээрх аймгуудын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын триангуляци, GPS-ийн болон гравиметр, өндрийн сүлжээний 67 цэг хамрагдсан бөгөөд хэмжилтийг 8 полигон болгон, 24 цагийн хэмжилтийг 1 сезоноор хэмжиж гүйцэтгэсэн. Сүлжээний тэгшитгэн бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ Bernese 5.0 програмаар гүйцэтгэсэн бөгөөд хэмжилтийн боловсруулалтад Монгол Улсын ACAD, ARA1, DRHN, ERDN, TWNT, UB01, USAG, UVS1 станцын өгөгдөл, мөн олон улсын GNSS-ийн албаны /IGS/, ULAB, IRKT, BJFS, XIAN, LHAZ, URUM, TSKB станцын өгөгдөлд тулгуурлан WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008 эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна.
Гравиметрийн сүлжээний цэгүүдийг хамруулан байгуулсан GPS/GNSS-ийн сүлжээ
2013 онд “Кадастрын мэдээллийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, аймаг, сум суурин газрын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн шинэчлэлт хийх” төслийн хүрээнд Монгол Улсын гравиметрийн сүлжээний цэгүүдийг хамруулсан GPS-ийн сүлжээний хэмжилтийг нийт 63 цэг дээр нэгэн зэрэг хийсэн. 24 цаг үргэлжлэх хэмжилтийг 1 сезоноор хийж гүйцэтгэсэн байна.Энэхүү сүлжээний бүдүүвчийг Зураг 9-д харуулав.3
Зураг 9. 2013 онд байгуулсан GNSS-ийн сүлжээ
Тэгшитгэн бодолтыг мөн ГХГЗЗГ-ын ГЗЗХ Bernese прорамаар гүйцэтгэсэн бөгөөд WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008 эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна. Хэмжилтийн шаардлага хангасан 57 цэгийн каталоги боловсруулж, ГХГЗЗГ-ын даргаар батлуулсан.
МОНРЕФ-97 сүлжээний давтан хэмжилт
Эрин хоорондын хөрвүүлэлтийн параметр тодорхойлох, жилийн шилжилтийн хэмжээг тогтоох зорилгоор МОНРЕФ-97 сүлжээг 2014 онд давтан хэмжсэн. Хэмжилтийг 4 полигон болгон 24 цагийн тасралтгүй үргэлжлэх 2 сезоноор гүйцэтгэсэн. Мөн олон усын IGS-ийн сүлжээтэй холбох зорилгоор Ховд, Сүхбаатар, Чойбалсан, Даланзадгад, Улаанбаатар (Оорцог овоо) цэгүүд дээр 7 хоногийн тасралтгүй хэмжилтийг гүйцэтгэсэн. 1 дүгээр гарын тэгшитгэн бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ, 2 дугаар гарын бодолтыг Швед улсын газрын албаны байгууллага тус тус гүйцэтгэсэн бөгөөд WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008 эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна.
Ази-Номхон далайн бүсийн геодезийн сүлжээ
Ази-Номхон далайн бүсийн геодезийн GPS-ийн сүлжээ (APRGP)-ний хэмжилтэнд Монгол улс 1999-2013 онуудад 5-7 цэгийн хэмжилтээр оролцож байна. Хэмжилтийг 7-10 хоногийн тасралтгүй байдлаар гүйцэтгэж байсан ба 2014 оноос эхлэн Ховд, Мөрөн, Арвайхээр, Сайншанд, Даланзадгад, Чойбалсангийн байнгын ажиллалтын цэгүүдийн өгөгдлөөр дээрх сүлжээний хэмжилтэнд хамтран оролцож байна.
Монгол Улсын геодезийн сүлжээний Эхлэл цэг
Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгуулахаар шийдвэрлэж, эхлэл цэг байгуулах газрыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 254 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Мөн Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг Барилга, хот байгуулатын яам 2017 онд баталсан. Монголын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах ажлын хүрээнд 2016 онд эхлэл цэгийг өндрийн I ангийн сүлжээтэй холбох ажлын цэгийн судалгаа, суулгалтыг хийж гүйцэтгэсэн.
Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өндрийн болон гравиметрийн сүлжээний геодезийн байнгын цэг тэмдэгтүүдэд хайгуул судалгаа, сэргээн босголтыг хийсэн бөгөөд Монгол Улсын геодезийн сүлжээний дагуул 3 цэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суулгасан байна. Мөн 2019 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Богд Зонхов бурхны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт Монголын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг байгуулсан.
Эхлэл цэгийн төв цэг нь 9 метрийн урттай, 325 мм диаметртэй, 302 кг жинтэй байгууламж бөгөөд цэгийн төвд GNSS-ийн 24 цагийн тасралтгүй хэмжилтийг хийж, солбицлын утгыг тодорхойлсон. Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг зураг 10-д харуулав.
Зураг 10.Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэг