EN

Газрын биржийн цахим систем

1. Газрын биржийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжууд: 

Бодлогын баримт бичиг:

  • “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.6 зорилтын 3.6.5-д “Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгоно”,
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.3-т “Хиймэл оюун ухаан болон блокчейн,  мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан технологид суурилсан газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлнэ
  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.6-д “Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан газрын биржийн үйл ажиллагааны тодорхой хувиар газар хөгжүүлэх санг бүрдүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах”

Хууль:

  • Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт Засгийн газрын бүрэн эрхэд “Газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох” гэж заасан.
  • Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.7 дахь заалт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд “Газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах” гэж заасан.

Журам, заавар:

  • Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх,  ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”
  • Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын биржийн үйл ажиллагааны журам”
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тушаал “Газрын биржийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаар тушаал “Газрын биржийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”. 
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах заавар”

2. Газрын биржийн үйл ажиллагаа:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Зураг 1. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:

ü  Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;

ü  Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;

ü  Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;

ü  Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;

ü  Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;

ü  Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх;

Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Мөн чөлөөт бүс, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон банк санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

Иргэд, хуулийн этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон.

Улсын хэмжээнд 2023 онд 2,957 удаа газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулснаас 1,246 дуудлага худалдаа хүчинтэй буюу 2,938.2 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшүүлсэн.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4 тэрбум төгрөг улсын төсөвт ордог байсан бол Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлж, дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг болсноор дуудлага худалдаанаас улсын төсөвт орох орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оны байдлаар дуудлага худалдааны орлого 23.7 тэрбум төгрөг буюу 5.9 дахин өссөн байдалтай байна.

Хүснэгт-1. Дуудлага худалдаа зохион байгуулсан тоо, оролцогч, орлого /2016-2023 он/

Зураг 1.2009-2023 онд улсын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар улсын төсөвт орсон орлого /сая.төг/

Зураг 1. Газрын биржийн цахим системийг ашиглан дуудлага худалдаа зохион байгуулсан байдал (2023 он). 

Мөн газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг ашиглан газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна.

            2023 оны жилийн эцсийн байдлаар Газрын биржийн цахим системд нийт 94738 газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ бүртгэгдээд бөгөөд үүнээс тайлант онд      8456 газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ бүртгэсэн. Бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 6652, худалдаа үйлчилгээний зориулалттай 560, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1121, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 122 үнийн мэдээ тус тус эзэлж байна.

Тухайн онд цуглуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ 83 хувийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн мэдээ, 4,7 хувийг худалдаа үйлчилгээний зориулалттай газрын үнийн мэдээ, 9,3 хувийг хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийн, 3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийн мэдээ эзэлж байгаа юм.

Иргэн, хуулийн этгээд Газрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүртгүүлж www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой. Мөн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучлах, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн өөрийн өмчлөлд байгаа газраа дуудлага худалдаагаар худалдах хүсэлтийг харъяа аймаг, нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж дуудлага худалдааг зохион байгуулан бусдад шилжүүлэх боломжтой юм.  

Дээш буцах