EN

Том масштабын газрын зураг

Монгол улсад том масштабын зураглалыг мензулын, тахеометрийн болон фототеодолитын аргаар гүйцэтгэж ирснээр нийслэл болон аймаг, сум, дүүрэг, хороо, тосгоны дэвсгэр нутгийг 1:500, 1:1000-ны масштабаар зурагжуулсан бөгөөд уул уурхай, ашигт малтмалын орд зэрэг нийт 2200 гаруй объектод 1:500-1:1000-ны масштабтай зураглал үйлджээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын төвийн зарим гудамжны газар доогуур барих гарц, хөшөө дурсгалын 1:200-ны масштабтай зургийг тусгай захиалгаар хийж байжээ.

Зураг 1. Аймаг, сум, суурин газрын төвийг 1:1000-ны масштабтай

байр зүйн зургаар зурагжуулсан байдал

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн "Кадастрын зураглал ба газрын бүртгэл" төслийн хүрээнд суурьшлын бүс болон газар тариалангийн кадастрын зураглал, нийслэл, бүх аймаг, сум, суурин газрын төвийн хэсэгт 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажлыг 2002-2010 онд гүйцэтгэсэн /Зураг 1/.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2011 онд хотын төвийн барилгажсан 100 км2 талбайд, 2013-2014 онд хотын гэр хорооллын 165 км2 талбайд хэрэгжүүлсэн /Зураг 2/. Төслийн хүрээнд агаарын зураглал, боловсруулалт, байр зүйн тоон зураг зохиох, хяналт шалгалт, хээрийн судалгаа, орон зайн мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг хийж 2011 онд 463 хуудас байр зүйн зураг, агаарын зураг, орон зайн мэдээллийн санг Геодези, зураг зүйн нэгдсэн санд хүлээлгэн өгсөн байна. Уг төслөөр агаарын зураглалын аргаар байр зүйн тоон зураг зохиох шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлэн 16 удирдах албан хаагчид, 40 инженер техникийн ажилтныг БНСУ болон монгол улсад сурган, техник, тоног төхөөрөмжөөр ханган, заавар, гарын авлага боловсруулсан.

 

Зураг 2. “Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох”

төслийн хамрах хүрээ

Япон улсын техник хамтын ажиллагааны агентлаг /JICA/-аас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх" төслийн хүрээнд 2007-2008 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг өнгөт агаарын зургаар хангаж, ортофото зураг үйлдэн 1:5000-ны масштабтай байр зүйн тоон зураг /131 хуудас/ хийсэн. Байр зүйн зургийг Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө боловсруулахад ашигласан юм.

2013-2017 онд: “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт”-ийг 21 аймгийн төв, 330 сумын төв болон томоохон 45 суурин, Улаанбаатар хотын 6 дүүргийн 6134 га, алслагдсан 3 дүүргийн 356 га газрын газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглал, Гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд 19 аймгийн инженерийн барилга байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан үүсгэх ажил, 2017-2020 онуудад Улаанбаатар хотын төсвөөр 1:2000-ны масштабтай байр зүйн зураглал, 2020-2021 онуудад Улаанбаатар хотод 6, Булган аймагт 1, Төв аймагт 1 байршилд тус тус 1:1000-ны масштабтай байр зүйн зураг 2350 га талбайд хийсэн.

Дээш буцах