EN

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Монгол Улсад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж газрын харилцааны суурь бодлогыг тодорхойлсон бөгөөд энэ нь газрын харилцааг бүхэлдээ шинэчлэх түүхэн өөрчлөлт болжээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн 1994 онд Газрын тухай хуулийг баталсан байна. Улмаар газрын эрэлт хэрэгцээ ихэсч, газрын харилцааны нарийн төвөгтэй харилцаанууд шинээр бий болсонтой холбогдуулан газрын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийг 2002 онд нийгэм, эдийн засгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулж баталсан байна.

    Газрын тухай хууль нь иргэн аж, ахуй нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд шинэчлэн батлагдан хэрэгжиж эхлээд өдгөө 16 жил болжээ.

Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд буй Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд анхны хэлэлцүүлгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Блю Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт газрын харилцааны салбарт оролцогч яам, агентлаг болон тус хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

    Хэлэлцүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Газрын талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр баримталж буй бодлого” сэдвээр, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг ”Газрын бодлого, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага” сэдвээр, Хуульч Д.Сүнжид Газрын сангийн нэгдмэл удирдлагыг Газрын тухай хуулийн төсөлд тусгах талаарх нийтийн эрх зүйн судалгаа, шийдэл, Хуульч Н.Баярмаа “Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн газрын эрхийн төрлийг Газрын тухай хуулийн төсөлд томьёолох талаарх иргэний эрх зүйн судалгаа, шийдэл” сэдвүүдээр танилцуулга хийгдэж, оролцогч нартай санал бодлоо солилцлоо.

Дээш буцах