EN

2021 ОНД БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭН АЖЛЫН НЭГДСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран 2015 оноосБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг хэрэгжүүлж ирсэн. “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаа энэ онд дуусаж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн үр дүн, тайланг тус газарт хүлээлгэн өгч, үндэсний чуулганыг 2021 оны 05 сард амжилттай зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажилласан орон нутгийн байгууллага, албан хаагчдыг урамшуулж ажиллаа. Мөн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан” ном /Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан (gazar.gov.mn)/-ыг хэвлүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоод байна.

Тус газраас Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2021 онд нийт 110’850’353.2 га бэлчээрийн газрыг хамруулсан 5163 фото мониторингийн цэгт хийж гүйцэтгэлээ. Хээрийн хэмжилт судалгаа, боловсруулалтын ажлыг 320 сумын Газрын даамал, дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд холбогдох журам, аргачлалын дагуу зохион байгуулан ажилласан.

2021 оны ажлын үр дүнд нийт бэлчээрийн газрын 12% нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 45% нь бага зэрэг доройтсон, 18% нь дунд зэрэг доройтсон, 17% нь хүчтэй доройтсон, 8% нь маш хүчтэй доройтсон байгааг тогтоосон бөгөөд  2020 онтой харьцуулахад бага зэрэг доройтсон талбай 2%-иар өссөн, дунд зэрэг доройтсон талбай 3%-иар буурсан, хүчтэй доройтсон талбай 1%-иар буурч маш хүчтэй доройтсон талбай нь 2%-иар өссөн дүнтэй байна.

Мөн 2020 оны үр дүнд үндэслэн хүчтэй доройтсон бэлчээрийн газрыг нөхөн сэргээх ажлыг нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 6’521’337.3 га талбайд зохион байгуулан ажиллалаа.

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг жил бүр тасралтгүй идэвхи санаачлагатай хийж гүйцэтгэж буй албан хаагч, байгууллагуудад талархал илэрхийлье.

Дээш буцах