EN

2022 ОНЫ НЭГЖИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын Сайдаар хянуулан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан бөгөөд газар, хэлтсийн дарга нартай 2022 оны нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баталж, гарын үсэг зурлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 98 зорилтын хүрээнд 266 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөндөө дараах томоохон ажлуудыг хийхээр тусгаад байна. Үүнд:

-     Газрын багц хуулийн төслүүд хэлэлцэгдэхтэй холбогдуулан 57 журам, заавар, аргачлал, дэглэм батлахаар байгаагаас 27 журмыг шинээр, одоо мөрдөж байгаа 13 журмыг шинэчлэхээр, 13 заавар аргачлалыг шинээр, 2 заавар, журмыг шинэчлэн боловсруулах тул эдгээр журам, заавар, аргачлал, дэглэмүүдийн төслүүдийг боловсруулж, батлуулах;

-     Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг шалгах, зураглах ажлыг эхлүүлэх;

-     Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийг өндрийн 1-р ангийн сүлжээтэй холбох;

-     Барилгын мэдээллийн нэгдсэн сантай Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг холбох;

-     Хот байгуулалтын кадастрын цахим системд барилга байгууламжийн ажлын зөвшөөрөл олгох үе шатыг цахимжуулах;

-     Газрын нэгдмэл сангийн тайланг Газрын нэгдмэл сангийн мэдээллийн системээс гаргах боломжийг бүрдүүлэх, хэрэглээнд гаргах;

-     Засгийн газрын тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний суурь үнэ, нийслэл, 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоогдсон газрын төлбөрийн хувь, хэмжээ, итгэлцүүр, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг кадастрын системд баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

-     Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем /Геопортал/-ийг улсын хэмжээнд ашиглалтад оруулах;

-     Хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх;

-     Газрын удирдлагын нэгдсэн системийн нэмэлт хөгжүүлэлтийг хийж, боловсронгуй болгох;

-     Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох ажлыг цахимаар зохион байгуулах;

-     Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг хуулийн этгээдэд олгох, сунгах, хүчингүй болгох ажлыг цахимаар зохион байгуулах;

-     Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, мониторингийн үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын аргыг нэвтрүүлэх чиглэлээр туршилт, судалгаа хийх;

-     Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал орчмын тусгай хэрэгцээний газар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах улсын тусгай хэрэгцээний газрын газар чөлөөлөлт, Богдхан төмөр зам, хийн хоолой, газрын тос дамжуулах хоолойн газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

-     Салбарын нийт албан хаагчдын мэргэжлийн програм хангамж, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх болон холбогдох хууль, тогтоомж, ёс зүй, хандлагыг өөрчлөх чиглэлээр сургалтуудыг системтэйгээр зохион байгуулахаар зорьж байна.

Дээш буцах