EN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН АРХИВЫН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Архив, мэдээллийн төв, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран “Архивын цахим системийн хэрэглээ” сэдэвт цахим сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

    Сургалтад 20 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан оролцлоо.

    Сургалтыг АМТ-ийн дарга Ж.Батсайхан нээж, Архивын цахим системийн хэрэглээ, журмын талаар ОЗМТХ-ийн Орон зайн өгөгдлийн сангийн удирдлагын систем, технологийн шийдэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Чингим танилцуулав.

    Цахим системд нэвтрэх, шинээр хөмрөг үүсгэх, данс, дансны мэдээлэл, хавсралт оруулах талаар АМТ-ийн Агаар, сансрын зураг, газар зохион байгуулалтын сан хөмрөг хариуцсан судлаач, архивч Ө.Дуламсүрэн системд зааж үзүүллээ.

    Сургалтын төгсгөлд архивын үйл ажиллагаа, төрийн архивт баримт шилжүүлэхэд анхаарах асуудлаар асуулт, хариулт явуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

    Аймгуудын архивын ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн асуудал болон нярав, мэдээллийн технологийн асуудлыг хавсран гүйцэтгэж байгаагаас өөрийн өдөр тутмын ажлыг хийж амжихгүй ажлын бус цагаар ажиллаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хавсран гүйцэтгэсэн албан тушаалын нэмэгдлийг олгуулах асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүссэн. 

    Цахим системд нэгж талбарын хувийн хэргийг оруулахгүй зөвхөн дансны мэдээллийг дотоод товъёгийн хамт хавсарган оруулах, удирдлагын баримт бичгийн хадгалах хугацаа дуусахад аймгийн төрийн архивт, салбарын үйл ажиллагаатай холбоотой баримтыг салбарын төрийн архивт хүлээлгэн өгөх зэрэг өдөр тутмын байнгын үйл ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн шинээр томилогдсон Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн архивын ажилтнуудад системийн эрх нээж, хуучин ажиллаж байсан эрхийг цуцалсан.

Дээш буцах