EN

Архивын ерөнхий газарт “Газар-Улсын үндэс” газрын зураг нэршилийн баримтын үзэсгэлэн

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол газар нутгийн нэрийн судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Архивын ерөнхий газар хамтран 2017 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монголын газрын зураг, газрын нэр судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь:
1. Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил
(XVIII зуунаас- XX зууны эхэн)
2. Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг,
газар усны нэршил (1911-1921 он)
3. Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил
(1921-2017 он) гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн юм.

            Үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба, ШУА-ын ТАХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, МУ-ын гавьяат багш Э.Равдан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор Х.Футоки болон Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд Их сургууль, ЦЕГ-ын Төв архив, “Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг”, “Монмэп” компани, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Васэда Их сургууль, БНПУ-ын Варшавын Их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриад Улсын Их сургууль зэрэг 5 орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо. “Газар-Улсын үндэс” газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба”…  “…Бидний урилгыг хүлээн авч морилон ирсэн төр засгийн түшээд, эрдэмтэн мэргэд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдийн амар амгаланг айлтгаж, намрын тэргүүн сарын налгар сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.

Өндөр дээдсийн бүтээн туурвисан өв их соёлын далайгаас дээжлэн “Газар-Улсын үндэс” ээлжит үзэсгэлэнг АЕГ-ын хамт олноос эрхлэн, МУ-д орчин цагийн архивын байгууллага үүссэний 90 жилийн ойгтохиолдуулан, “Монголын газрын зураг, нэр судлал”олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчид, өв их соёл, эх түүхийг дээдлэгч өргөн олонд зориуланзохион байгуулж, толилуулахад бэлэн боллоо.

2200 жилийн тэртээХүннү их гүрний гал голомтыг бадраасан Модун шанюейн айлдсан үгээр үзэсгэлэнгээ нэрлэж, монголчууд газар нутаг, сав шим ертөнц, тэнгэр эрхисийн талаар гүн гүнзгий мэдлэг, оюуны их соёлыг бүтээн туурвиж, үр хойчдоо өвлүүлсэн ард түмэн гэдгийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор их хааны суу заль дор ертөнц дахинаа амар амгаланг тогтоохын төлөө тэмцэж, өндөр тэнгэрт тэтгэгдэж, өргөн дэлхийд суу алдраа дуурсгасан эзэн Чингис хаан тэргүүтэй Их Монголын суутан дээдэс, үе үеийн эх орончид газар нутаг, үндэс язгуурынхаа төлөөх түүхийн өртөөг үе улиран залгамжлах ахуйдаа газрын зураг үйлдэн хэрэглэсээр ирсэн тухай түүхэн сурвалж бичгийн мэдээ, баримт цөөнгүй. Тухайлбал, Юань Улсын Сударын 48-р дэвтэрт монголчууд дэлхийн бөмбөрцгийг модоор дүрслэн, “7 хувий нь ус болгожээ.Түүний нь өнгө ногоон. Үлдэх 3 хувийг нь газар шороо болгожээ. Түүний нь өнгө цагаан бөгөөд мөрөн гол, тэнгис, далайн судсыг түүний дотор хэлхэж тоолжээ. Өчүүхэн зохистой худаг зурж үйлдээд газар дэлхийн агуу ба газрын хол ойрыг тэмдэглэжүхүй…” гэж бичсэнийг Германы эрдэмтэн Вальтер Фүкс абугай 1946 онд Бээжин хотноо хэвлүүлсэн бүтээлдээ ихэд сонирхон дурджээ. Энэ баримтаас үүдвэл, дэлхийг арав хуваасны долоон хувь нь хуурай газар болохыг 700-800 жилийн өмнө монголчууд мэдэж байсан нь нэн гайхамшигтай.Энэ нь орчин цагийн шинжлэх ухаанаардэлхийн бөмбөрцөгийн 70,8 хувийг ус, 29,2 хувийг хуурай газар эзэлдэг гэж тогтоосонтой үндсэндээ тохирч байна хэмээн эрдэмтэд дуу алдан өгүүлдэг бол Монгол ардын дуунд: “Орчлон гэдэг бөөрөнхий, эргэж хөрвөж байдаг…” хэмээн дуулдаг гэх зэрэг олон баримт монголчуудын газар зүйн мэдлэг ухааны цар хүрээг ямар нэг хэмжээгээр илэрхийлсээр байдаг.

Зорилго чиглэл нэгт Эрхэм хүндэт мэргэдээ!  Бид “Газрын зураг-газрын нэр судлал” ОУ-ын ЭШБХ-ын мялаалга болгож Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Газрын зургийн цуглуулга” №460 гэдэг бие даасан хөмрөгийн 281 хадгаламжийн нэгжээс тоймлон, XVIII зууны эхнээс өнөөг хүртэлх үеийг хамрах түүхийн  судалгааны чухал сурвалж-аймаг, хошуу, өртөө, харуулын газрын зураг, баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн 100 орчим үнэ цэнэтэй баримтыг бэлтгэлээ.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол газар нутгийн нэрийн судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль хамтран 2017 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд нэгэн мөрний хүч болон оролцож Архивын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнг нээж байна” гэсэн юм.

Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг 100 орчим үзмэр тавигдсан.
Сонирхуулахад Үндэсний төв архивын сан хөмрөгт монголчуудын газрын зурагт холбогдох баримтуудыг нэгтгэсэн “Газрын зургийн цуглуулга” гэдэг биеэ даасан хөмрөг хадгалагдаж байдаг бөгөөд тус хөмрөгт нийт 281 хадгаламжийн нэгж бүртгэгдсэн байдаг.

Үзэсгэлэн Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын үзэсгэлэнгийн
танхимд иргэдэд нээлттэй үйлчилнэ.

Дээш буцах