EN

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

🇲🇳🇰🇷 ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагийн дарга Чо Вүсуг (Cho Woosug)-ийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзан Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус 2 байгууллага 2011 оны 7 дугаар сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байжээ. Энэхүү Санамж бичгийн дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилтээр, БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагаас хариуцан олон улсын “Хэмжил, зураглалын агентлагуудын чадавхийг сайжруулах” сургалтыг жил бүр зохион байгуулж, уг сургалтад ГЗБГЗЗЕГ болон түүний харьяа байгууллагаас 10-аад албан хаагч хамрагдаж байжээ.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Газар зүйн мэдээллийн систем (GIS), Газрын мэдээллийн систем (LIS) болон тэдгээрийн үйлчилгээ, Агаарын зураглал, Гурван хэмжээст тоон зураглал, Геодези, гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн салбар дахь чанарын хяналтын стандартчилал, Гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэдлэг, туршлага хуваалцах, Гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлаг нь өөрийн хөөргөсөн хиймэл дагуулаас зураг авч үйл ажиллагаандаа болон бусад байгууллага иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулдаг, VLBI, GNSS-ийн байнгын ажиллагаатай станц, өндрийн болон гравиметрийн зэрэг бүх төрлийн геодезийн сүлжээг байгуулах, шинэчлэх, бүх төрлийн масштабын байр зүйн, сэдэвчилсэн газрын зургаар хэрэглэгчдийг үнэ төлбөргүй хангаж, жил бүр нийт нутаг дэвсгэрийг агаарын зургаар зурагжуулахад 20 сая ам.доллар зарцуулдаг байна.
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагаас 2 төлөөлөгч оролцож байна.
Дээш буцах