EN

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН КАДАСТРЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

🇲🇳🇺🇿 ГЗБГЗЗЕГ-ийн дарга А.Энхманлай нь Бүгд Найрамдах Узбекистан улсын Кадастрын агентлагийн орлогч дарга Мирсайд Мирмаксудов болон тус агентлагийн удирдлагуудыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар Узбекистан улсын кадастрын агентлагийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.
Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зарлигаар тус байгууллагыг Улсын татварын хороонд харьяалуулан, “Геоинновацын төв” ТӨҮГ, Улсын кадастрын танхим /Палата государственных кадастров/, Улсын аэрогеодезийн төв, "Компьютержүүлэлт, геомэдээллийн технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх төв" улсын үйлдвэр, Геодези-зураг зүйн улсын сан, "Зураг зүй" улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн газар, Ташкентын геодези, зураг зүйн коллеж зэрэг байгууллагуудыг харъяанд нь нэгтгэн зохион байгуулсан байна.
Тус байгууллага нь нийт 8000 орчим албан хаагчтай бөгөөд Кадастрын агентлагийн даргыг Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч томилдогоос гадна Газар ашиглах, хамгаалах Ерөнхий шинжээчээр ажилладаг. Мөн улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Газрын харилцаа, улсын кадастрын хөгжлийн санг бүрдүүлэх асуудлыг зохицуулсан байна.
Хоёр байгууллагын удирдлага харилцан туршлага судалж, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоон цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Бүгд Найрамдах Узбекистан улсаас 3 төлөөлөгч Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Дээш буцах