БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газраас НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлтэй хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсруулах, биологийн олон янз байдлын хамгаалалттай холбоотой мэдээллийг бүртгэх хөгжүүлэлтийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус системийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэвтрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.15/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа 38 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын нийт 115 албан хаагчийг хамруулсан цахим сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү систем хэрэглээнд нэвтэрснээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалалттай холбоотой мэдээллийг харгалзах, тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд олон нийтэд нээлттэй хялбар байдлаар хүргэх боломжийг бүрдүүлнэ.