“Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
“Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглах талаар төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн мэдээллийн үр өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэхэд гадаад орны шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон улсын хөгжлийн аливаа бодлого, шийдвэрийг орон зайн өгөгдлийн дэд бүтцэд тулгуурлан оновчтой тогтоох асуудлаар санал солилцох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Геодезийн хэмжил зураглал, орон зайн мэдээллийн менежментийн асуудлыг хариуцсан байгууллагатай хамтран “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Мягмар гаригт Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын төлөөлөл нийт 49 хүн оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
ИХУИНХУ-ын Орднанс сүрвэй байгууллага нь 228 жилийн түүхтэй, 1016 ажилчидтай, 154.9 сая фунт стерлингийн жилийн орлоготой (2017-2018 оны байдлаар), улсын хэмжээнд хэмжил зураглал, кадастрын зураглал, хаяг, газрын менежмент болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн асуудал хариуцсан төрийн өмчит компани юм (www.ordnancesurvey.co.uk).
ИХУИНХУ нь орон зайн мэдээллийн менежментийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх туршлагатай улсуудын нэг ба хэлэлцүүлгийн үеэр орон зайн мэдээллийн оновчтой удирдлага, зохион байгуулалт, хэрэглээг өргөжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт хэрхэн үр ашиг, бүтээмж бий болгох боломжтой талаар тус улсын хөгжлийн туршлагыг манай улсын хөгжлийн явцтай харьцуулсан үр өгөөтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэлцүүлгийн төгсгөлд улсын хөгжлийн аливаа бодлого, шийдвэрт байрлалд суурилсан орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлж, үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэхэд төрийн байгууллагуудын оролцоо, нягт хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт, удирдлагын манлайлал маш чухал гэдгийг онцолсон юм.
Сонирхуулахад: Орднанс сүрвэй байгууллагын мэдээллийн системд ӨДӨРТ 20,000 шинэ мэдээлэл нэмэгдэж, 300,000 гаруй шинэчлэлт, өөрчлөлт хийгддэг. 2010 онд нээлттэй өгөгдлийн бодлогоо тодорхойлж нээлттэй өгөгдлийг түгээж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар жилд 62,000 нээлттэй өгөгдлийг хэрэглэх захиалга бүртгэгддэг байна.
“Өгөгдөл бол шинэ газрын тос” (Data is the new oil)