EN

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Б.МӨНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАА.

    Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү тэргүүтэй төлөөлөл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хэмжил зураглал, орон зайн мэдээллийн “Орднанс сурвэй” төрийн өмчид компани, Хатан хааны нэрэмжит “Газрын бүртгэл” агентлагаар 2019 оны 09 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд тус тус зочилж геодезийн хэмжил зураглалын ажил, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн үйлчилгээ, тэдгээрийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр, үр өгөөж, газрын бүртгэлийн тогтолцоо, газрын бүртгэлийн үйлчилгээ, систем зэргийн талаар туршлага судлан гадаадад томилолтоор ажиллалаа.

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хэмжил зураглал, орон зайн мэдээллийн “Ординанс сурвэй” байгууллагын үйл ажиллагааны сонирхолтой мэдээллээс дурдвал www.os.uk :

  • Анх 1791 онд үүсгэн байгуулагдсан тус газар нь одоогийн байдлаар нийт 1061 ажилтантай.
  • 1971 оноос газрын зургийн үйл ажиллагаагаа тоон технологи руу шилжүүлэх ажил эхэлж 1995 онд дууссан.
  • 1935 онд 6500 гаруй геодезийн цэг тэмдэгтийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд суулгасан.
  • 2001 онд OS MasterMap том масштабын газрын зургийн цахим үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • 2003 онд OS Net геодезийн байрлал, өндрийн тулгуур тогтолцоонд шилжсэн.
  • 2010 онд OS OpenData нээлттэй өгөгдлийг түгээж эхэлсэн.
  • 2017-2018 оны нийт орлого төвлөрүүлэлтийн хэмжээ 154.9 сая фунт стерлинг.
  • 90 гаруй хиймэл дагуулаас байрлал тодорхойлох болон орон зайн мэдээлэл хүлээн авдаг.
  • 500 сая гаруй орон зайн объектыг агуулсан гео-өгөгдлийн сантай.
  • Өгөгдлийн санд өдөрт 300000 гаруй тодруулалт, шинэчлэлтийн ажил хийгддэг.
  • Өгөгдлийн санд өдөрт 20000 гаруй шинэ өгөгдөл нэмэгддэг.
  • Жилдээ 62000 гаруй орон зайн мэдээллийн үйлчилгээний хүсэлт хүлээн авдаг.
  • Хот суурин газрыг 1:1250, хөдөө орон нутгийг 1:2500, уулархаг газрыг 1:10000 масштабтай байр зүйн зургаар бүрэн зурагласан. Гурван жил тутамд агаарын зураглалын аргаар байр зүйн зургаа зурагладаг.
  • 28 сая гаруй гео кодлогдсон хаягийн мэдээлэлтэй.
  • Хэмжилтийн өгөгдлөөс тоон газрын зураг зохиох үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан. Дунджаар ажлын 11.5 өдөрт газрын зургийг үүлэн технологи ашиглан зохиодог.
  • Нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан 180 гаруй GNSS-ийн байнгын ажиллагаатай станцтай.

“Газрын бүртгэл” байгууллагын үйл ажиллагаанаас дурдвал www.gov.uk/land-registry :

  • Газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох бүх төрлийн бүртгэл, түүний шилжилт хөдөлгөөний асуудлыг хариуцдаг.
  • Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яаманд харьяалагдан хамтран ажилладагч Газрын бүртгэлийн удирдах зөвлөлөөс сонгогдсон Газрын Ерөнхий бүртгэгчээр удирддаг.
  • Нийт 5619 албан хаагчидтай. 14 газарт бүртгэлийн салбартай.
  • Нийт 25.5 сая гаруй эрхийн бүртгэлийн сантай.
  • Нийт нутаг дэвсгэрийн 86.6%-ийг буюу 13.1 сая га талбайг бүртгэлжүүлсэн /Үл хөдлөх хөрөнгийн давхар бүрийг эрхийн төрлөөр нь бүртгэдэг/. 2022 он гэхэд бүртгэлийг 100%-д хүргэхээр зорьж ажиллаж байна.
  • Орднанс сурвэй байгууллагын суурь өгөгдлийн сан /OS MasterMap/-тай шууд холбогдсон.
  • Өөрийн үйлчилгээний төлбөр, хураамжаар санхүүжигддэг. Уг төлбөр, хураамжийн хэмжээг Сангийн яамнаас тогтоосон арга, аргачлалаар тогтоодог байна.
  • 2018/19 оны санхүүгийн жилд 36.6 сая үйлчилгээний хүсэлт хүлээн авч, нийт 320.3 сая фунт стерлингийн орлого төвлөрүүлсэн./Мэдээллийн үйлчилгээний орлого: 19.5 сая фунт стерлинг,  Бүртгэлийн хураамжийн орлого: 230.5 сая фунт стерлинг,Лавлагаа мэдээллээс олсон орлого: 58.9 сая фунт стерлинг,  Бусад төрлийн үйлчилгээ: 11.5 сая фунт стерлинг/

Дээш буцах