БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗЛАА
Өнөөдөр /2023.11.09/-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.
Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр:
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж дуусган, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах,
Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулах;
Хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга, байгууламжийн орц, гарцын мэдээллийг тулгаж шалгах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраар холбогдох ажлыг шуурхай гүйцэтгүүлэх;
“Сэлбэ сэргэлт” төслийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, эхний үе шатны ажлыг энэ онд багтаан эхлүүлж, Төсөл хэрэгжих 5м хамгаалалтын зурвастай трассын дагуу нөлөөлөлд өртөж байгаа 457 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийх;
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар олголт, барилгажилтын үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах техникийн баримт бичгүүдийг боловсруулж, батлан мөрдөх;
Нийтийн эдэлбэр газрын талбай, ундны усны эх үүсвэр, зам, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж, газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан албан тушаалтнуудын нэрсийг яаралтай гаргаж ирүүлэх;
Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр:
Баянхошуу, Сэлбэ дэд төв төслүүдийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишиг төслийг хамтран хэрэгжүүлэх;
Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон цахилгаан шатыг шинэчилж, ашиглалтын байдалд тухай бүр үзлэг шалгалтыг хийж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;
Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулан гэрчилгээжүүлэх;
Газар хөдлөлтөд тэсвэргүй, насжилт өндөртэй барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулж, Улс орон даяар өрнүүлж буй "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Нийслэлийн хэмжээнд үр дүнтэй хамтран зохион байгуулах;
Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр:
“Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”-ийн Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах;
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 220кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон 2,4 км шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэх;
Дулааны 9Б магистралын “Цэвэрлэх” салбар шугам сүлжээний төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө Улаанбаатар хотын бохир усны Туул-1 коллекторыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны орон нутгийн төсвөөс шийдвэрлэх;
Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Дулааны шугам сүлжээний даралт өргөх насосны станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;
Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
Сайд Ц.Даваасүрэн мөн Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх ажлуудад яамны зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа тул нийслэлийн удирдлагууд хамтраад ажлаа эрчимжүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг санууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай, удааширч гацсан, хөрөнгө оруулалт нь царцсан ажлуудыг идэвхижүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан, хуримтлагдсан хүнд асуудлуудын талаар мэдээлэл өгч, саналаа хэллээ. Тухайлбал: Нийслэл хотод 1,7 их наядын дутуу орхичихсон ажлууд байгааг, Нийслэлийн газар доогуурх шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй, шийдвэрлэхэд 3,5 их наяд төгрөг шаардлагатай гэхчлэн хотод тулгарч буй асуудлуудын талаар танилцуулав. Түүнчлэн Нийслэл хотын хамгийн их ус тунадаг 50 байршилд 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламжуудыг байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хамтарч хэрэгжүүлэх төслүүд эрчимжиж, хурдацтай шийдэгдэж, ажил хэрэг болох нь чухал болохыг онцлон, энэхүү уулзалтын ойлголцол, хамтрал үр дүн дүнгээ үзүүлэх ёстойг сануулж, нийслэлийн удирдлагуудад ажлын амжилт хүслээ.