ЦЭРЭНГИЙН ЦЭРМАА (1942-2026)
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ахмад ажилтан “Улсын Геодези, Зураг Зүйн Газар”-ын тулгын чулууг тавилцсан анхны 17 ажилтны нэг Цэрэнгийн Цэрмаа 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр таалал төгслөө.
Ц.Цэрмаа нь 1942 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. 1967 онд тэр үеийн ЗХУ-ын /хуучнаар/ Москва хотноо Геодези, Агаарын зураглал, Зураг зүйн инженерийн дээд сургуульд суралцаж Зураг зүйч мэргэжил эзэмшсэн.
1967-1970 онд Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны Геологи шинжилгээний газрын дэргэдэх геодези, газрын зургийн зөвлөлд газрын зургийн инженерээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын ашигт малтмалын анхны ханын зураг, Аж үйлдвэрийн байршлын газрын зургийг анхны зураг зүйч инженер Г.Тогоогийн хамтаар зохион, хэвлэж байсан.
1970 оноос Геодези, Зураг зүйн салбарт ажиллаж эхэлсэн ба улмаар сургалтын болон нийтийн хэрэгцээний, тусгай, лавлах зориулалттай газрын зураг, атласын эхийг гараар зурж бэлтгэхэд оролцож байсан.
1970-аад оноос хойш газрын зураг, атласын чанарыг сайжруулахын тулд хатуу суурь дээр гаргасан цэнхэр дардас ашиглан эх бэлтгэх, мөн 1980-аад оноос уян материал дээр зурж, сийлбэрлэж бэлтгэдэг технологийг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэхэд их үйлд гар бие оролцон газрын зураг, атласын зохиогч редактор инженер, хяналтын инженерээр ажиллаж улс орныг газрын зураг, атласаар зурагжуулах ажилд, Зураг зүйн үйлдвэрлэлийн түүхэн хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэж ирсэн юм.
Мөн түүнчлэн Зураг зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг мэргэшүүлэхэд онцгойлон ажиллаж Зураг зүйн мэргэжилтэн, зураг зүйч-техникчийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулсан.
Төр, засгаас түүний геодези, зураг зүйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэг, ЗХУ-ын /хуучнаар/ Геодези, картографийн 200 жилийн ойн “Отличник” медаль, төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан юм.
Талийгаачийн мэргэжлийн өндөр ур чадвар, шударга зарчим, төлөв даруу зан чанар мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

