EN

Дэлхийн банкны Газар, орон зайн багийн зөвлөхүүд Монголд ажиллаж байна

       Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөхүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд ажиллаж байна. Зөвлөх баг нь:

  •  Катерин Келм, /Зөвлөх багийн ахлах, Дэлхийн банк/
  •  Эндрью Күүт, /ConsultingWhere компанийн захирал/
  •  Др. Лесли Арнолд, /Geospatial Frameworks компанийн захирал/
  •  Саймон Вилс, /Орон зайн зөвлөх/ гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй болно.

      Эхний өдөр Зөвлөх баг нь Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар ажиласан бөгөөд орон зайн мэдээллийн өгөдөл, менежмент, дэд бүтцийн талаарх тус Агентлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажил, төсөл, хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа. Танилцуулагын төгсгөлд Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар нь Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн эхний ажлуудыг маш амжилттай хэрэгжүүлж, томоохон үр дүн гарсан байгааг онцоллоо.

        Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатартай уулзалт хийж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Дэд сайд Б.Мөнхбаатартай уулзалтын үеэр "Орон зайн өгөгдөл гэдэг зүйлийн талаар төр засгийн төвшинд буюу шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дунд хангалттай сайн ойлголт байдаггүй. Ийм учраас энэ чиглэлд санхүүжилт хийгдэж, дэд бүтцийг бий болгох асуудал харьцангуй хоцрогдсон. Санхүүжилт хийгдлээ гэхэд дараагийн шатанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагажуулахад асуудал байгаа. Тиймээс энэ бүх асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэдгийг тэмдэглэн хэллээ.

        2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн холбогдох алба, газрууд дээр ажиллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг сайжруулах зорилгоор хотын стандартыг цогц болгох хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа дуулгалаа. Уулзалтын төгсгөлд талууд орон зайн мэдээллийн хүрээнд мэдээлэл солилцож хамтарч ажиллах талаар ярилцаад, ирэх долоо хоногт зөвлөлийн багийн гишүүдийн зүгээс нийслэл хотод хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар боллоо.

        Зөвлөх баг ирэх өдрүүдэд Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзалт ярилцлага хийж, бусад салбарт /СЯ, БХБЯ, ЗГХЭГ, ХААХҮЯ, ХХМТГ, УУЯ гэх мэт/ хэрэгжиж буй байрлалд суурилсан орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөртэй танилцах юм.

     Дээрх уулзалтуудын үр дүнд байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, Монгол Улсын Орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зөвлөмж өгөх болно.

Дээш буцах