EN

ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКС ДЭХ НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН “БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ЭРХ”-ИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Газрын засаглалын индекс (LANDех)-ийн индикаторуудыг цуглуулах, боловсруулах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр Олон улсын газрын эвсэл (ILC), Монголын үндэсний газрын эвсэл (NLC)-тэй 2025 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд “Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид /Бэлчээрийн газрын эрх/-тэй холбоотой индексийг танилцуулах сургалт, уулзалт”-ыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь LANDех-ийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, түүнтэй холбоотой мэдээлэл цуглуулах болон тооцоолох аргачлалыг танилцуулж, оролцогчдод уг индексийг ашиглахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход орших юм.
Уулзалтад тус газрын удирдлага, албан хаагчид, Монголын үндэсний газрын эвслийн зохицуулагч Д.Одончимэг, цахимаар Олон улсын газрын эвслийн Азийн бүсийн зохицуулагч Ану Верма /Anu Verma/, Дэлхийн өгөгдөл хариуцсан зохицуулагч Ева Хөршөу /Eva Hershaw/, Азийн өгөгдөл мэдээлэл хариуцсан зохицуулагч Дарм Жоуши /Dharm Joshi/ нар болон 21 аймгийн ГХБХБГ болон сумдын газрын даамал, бусад төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, сум, багийн Засаг дарга, орон нутгийн иргэд, малчдын төлөөллүүд зэрэг нийт 500 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсад газрын засаглалын индексийг хэрэгжүүлэх үндсэн зорилго нь газрын эрхийн бүх хэлбэрээр иргэдийн оролцоог дэмжих, эрхийг хамгаалахад чиглэхээс гадна улсын хэмжээнд газрын бодлого боловсруулах, үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцыг нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах юм.
Цаашид бид бүхэн дараах асуудал дээр илүү төвлөрч хамтарч ажиллах юм. Үүнд:
✅ Бэлчээрийг олон нийтийн оролцоотой, хяналттайгаар ашиглах, доройтсон бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой малчдын уугуул уламжлалт мэдлэгийг хадгалах, түгээх болон орон нутгийн байгууллага, малчдын чадавхыг бэхжүүлэх;
✅ Малчид нийтийн эзэмшлийн бэлчээр болон байгалийн нөөцөөс ашиглах эрх нь хэрхэн хангагдаж буй байдал, соргог бэлчээр, усны эх үүсвэрт хүрч, ашиглаж чадаж буй эсэхийг тодорхойлж, малчдын газрын эрхийг нь хамгаалах асуудлыг газрын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд тусгах, бодит нотолгоонд тулгуурласан мэдээллийн санг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцад нутгийн иргэдийг оролцуулахад бодит хувь нэмэр оруулах,
✅ Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад дээрх бодит судалгааны үр дүнд суурилсан, зайлшгүй шаардлагатай байгаа зохицуулалтуудыг тусгах;
Шинээр боловсруулагдсан индикаторын судалгааны үр дүнг 2026 оны 08 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP-17 болон Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн хүрээнд танилцуулах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Ташрамд дурдахад LANDex нь газрын харилцааны мэдээллийг ардчилсан, нээлттэй хэлбэрээр олон нийтийн байр суурийг бодитоор тусган гаргах, хүн төвтэй газрын засаглалын мониторингийн механизм юм.
Энэхүү систем нь улс орнуудад газрын засаглалаа олон улсын стандарттай уялдуулан үнэлэх боломж олгодог бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд, уугуул нутгийн малчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдын оролцоог тусгаж харуулдгаараа онцлог юм.
Дээш буцах