“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хамтран 2021-2026 онуудад “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл (Дорнод хээрийн төсөл)-ийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 9 сумдад хэрэгжүүлж байна.
Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын удирдлага дор газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан шинэчилсэн аргазүй боловсруулж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг төсөл болон аймгийн төсвөөс хамтран санхүүжүүлнэ.
Ингэхдээ газар зохион байгуулалтын цогц төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийхэд салбар дундын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой газар ашиглалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын шинэчлэлийг дэмжих юм.