EN

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ХӨРС, УС, АГААР ОРЧНЫ СУДАЛГАА – GLOBE 2024” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН ЯВУУЛЛАА

Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан “Хөрс, ус, агаар орчны судалгаа - GLOBE 2024” илтгэлийн уралдааныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Олон улсын хөтөлбөрийн сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургууль нар хамтран зохион байгууллаа. Тус илтгэлийн уралдаан нь Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр тогтмол зохион байгуулагдана.
Сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг чадварыг сайжруулах, эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалах, тэдний шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэх, байгалийн үзэгдлийг судлах, сөрөг үр дагавраас сэргийлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршиж байна.
Илтгэлийн уралдааныг Шинэ эхлэл сургуулийн захирал Н.Оюунгэрэл нээж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Илтгэлийн уралдаанд аймаг, нийслэлийн сургуулиудаас дараагийн шатанд шалгарсан 12 багийн 36 сурагч, удирдагч багш нар илтгэлээ танилцуулж, хийсэн бүтээлийн дээж, ханын илтгэлийг бэлтгэсэн байна. Илтгэлийн уралдааны шүүгчдээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа /Ph.D/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Анхбаяр, Шинжлэх Ухааны Үндэсний Зөвлөлийн ахлах шинжээч Б.Лхагвадорж, Монгол Улсын боловсролын Их сургуулийн Математик байгалийн ухааны сургуулийн захирал О.Алтангоо /Ph.D/, Судлаач, эрдэмтэн Я.Баасандорж нар оролцлоо.
Уралдааны дүнгээр шилдэг шинжлэх ухаанч судлаачаар Шинэ эхлэл сургуулийн сурагч Б.Маргад, Б.Мишээл, М.Мичидмаа, удирдсан багш Б.Өлзий-Орших нар “Үүлний ажиглалт, түүний боловсруулалт” сэдвээр, Монгол хэлээр шилдэг илтгэгчээр С.Есүй, М.Оюун-Эрдэнэ, И.Болдбаатар, удирдсан багш О.Нямсүрэн нар “Бүс нутгаас хөрсний шинж чанар хамаарах нь” сэдвээр, англи хэлээр шилдэг илтгэгчээр Э.Жансаяа, Д.Энхжин, А.Мишээл, удирдагч багш Б.Цэцэгсайхан, Г.Намуунаа нар “Улаанбаатар хот орчмын Туул, Сэлбэ голын усны чанарт дүн шинжилгээ хийх” сэдвээр, шилдэг хянагч багшаар Б.Эрдэнэчимэг “Устөрөгчийн хөдөлгүүр боломжтой юу?” сэдвээр, шилдэг ирээдүйтэй судлаачаар К.Мөнх-Очир, С.Анхлан, удирдагч багшаар Э.Гантуяа нар “Ахуйн нөхцөлд органик ясны бордоо хийх” сэдвээр, Шилдэг хамтрагч багаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн сурагч З.Тэргэл, Ц.Дэлгэрхишиг удирдсан багш М.Анужин нар “Усны макро сээр нуруугүйтэн амьтад болон усны чанарыг тодорхойлох судалгаа” сэдвээр, Шилдэг бүтээлч багаар Б.Мөнхзаяа, Э.Жаргал, Г.Азжаргал нар “Зайнаас тандан судлал” сэдвээр тус тус шалгарч, сертификат, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
#Боловсролын ерөнхий газар,
#Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
#Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам,
#New beginning International school
Дээш буцах