EN

ЕВРАЗИЙН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн хүрээлэн (NGII) болон Орон зайн мэдээллийн салбарыг дэмжих агентлаг (SpaceN) хамтран Евразийн Орон Зайн Өгөгдлийн Дэд Бүтцийн (ESDI) 11 дүгээр хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хурал нь “Shaping Eurasian Geospatial Future” буюу “Евразийн орон зайн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж байна.
Хуралд Монгол, БНСУ, Беларусь, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан зэрэг 7 улсын төлөөлөгчид оролцож, дараах гол сэдвүүдийг хэлэлцэв:
🔹 Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хүний нөөцийн хөгжил–боловсрол, сургалтын хамтын ажиллагаа;
🔹 Дэд бүтцийн хөгжил ба хэрэглээ–үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системүүдийн туршлага;
🔹 Хууль эрх зүйн зохицуулалт–орон зайн мэдээллийн хууль, бодлогын уялдаа;
🔹 Одоогийн байдал, ирээдүйн чиг хандлага–инноваци, хиймэл оюун ухаанд суурилсан газар зүйн мэдээллийн систем;
Монголын талаас ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай “Spatial Data and Information Usage in Mongolia” буюу "Монгол Улсын орон зайн өгөгдөл болон мэдээллийн хэрэглээ" сэдвээр илтгэл тавьж, манай улсын орон зайн өгөгдлийн дэд бүтэц болох Геопортал, 18 суурь орон зайн өгөгдлийн менежмент, хэрэглээ болон бүрдүүлэлтийн талаар танилцууллаа.
📌 Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтэц санаачлага нь 2015 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр зохион байгуулагддаг уг хурал нь Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, инновацийн шинэ боломжуудыг нээх зорилготой юм.
Дээш буцах