EN

“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ” БАТЛАГДЛАА

Төрийн албаны тухай хуулийн 54.1-д "Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын Сайдаар хянуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталлаа.

Уг төлөвлөгөөг 9 үндсэн чиглэл буюу Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Газар зохион байгуулалт, Кадастр, Орон зайн мэдээллийн технологи, Архив, Хот байгуулалт, Хот байгуулалтын кадастр, Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр боловсруулсан бөгөөд нийт 80 зорилт, 244 арга хэмжээ багтсан байна.

Тус газраас 2019 оныг Иргэн төвтэй, ил тод, ухаалаг, газрын харилцааны жил болгон зарласантай холбогдуулан хийгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн цахим мэдээллийн сан, газрын үнэлгээний систем, газрын бирж, кадастрын нэгдсэн мэдээллийн сан, газрын мониторингийн сүлжээг нэгтгэн газрын удирдлагын систем байгуулсан. Үүнийг ирэх онд 21 аймагт хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай журам, заавар, норм, дүрэм, стандартыг боловсруулах, Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах, хаягийн мэдээллийн систем байгуулах, Төрийн архивын улсын үзлэгт хамрагдах, Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд захиалагчийн хяналтыг хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг цахимжуулах, улсын хэмжээнд кадастрын мэдээллийн санг бүрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх, байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Дээш буцах