Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдад “Зайнаас тандан судлалын сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Газрын бодлогын хүрээнд газар зүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын технологийг нэвтрүүлж, орон зайн зөв оновчтой менежментийг хэрэгжүүлэх, мөн бусад төрийн байгууллагуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого шийдвэр гаргахад зайнаас тандан судлалын арга ашиглан орон зайн дүн шинжилгээ хийж, дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай байгуулсан 2021/268 дугаар хамтын ажиллагааны гэрээний дагуу Зайнаас тандан судлалын анхан, анхан дунд, ахисан дунд, ахисан шатны 4 түвшний сургалтыг тус газрын мэргэжилтнүүдэд зориулан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад нийт 16 албан хаагчид хамрагдаж амжилттай төгсөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сертификатаа гардаж авлаа.
Энэхүү сургалтад тус газрын нийт нэгжээс зайнаас тандан судлалын суурьтай, харилцан адилгүй ур чадвартай албан хаагч нарыг сонгон шалгаруулан хамрагдуулж, зайнаас тандан судлалын үндсэн ойлголт, анхан шатны мэдээ боловсруулалт, хиймэл дагуулын мэдээний спектрийн сувгуудийн ялгаа, тэдгээрийн ашиглалт, индексүүдийн тооцоолол, урт хугацааны анализ, өөр өөр дүрс боловсруулалтын технологиудыг харьцуулан турших, мэдээ боловсруулалт хийж үр дүн гаргах, мөн тариалангийн газар, бэлчээрийн газрын доройтол, хөрсний чийгийг тодорхойлох зэрэг практик дадлага, бодит судалгаанд суурилсан ур чадварыг эзэмшсэн.
Уг сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн мэргэжилтнүүд цаашид өөрсдийн хариуцсан үйл ажиллагаандаа зайнаас тандан судлалын аргыг ашиглан, шинэ арга техник, технологийг судалж, нэвтрүүлснээр салбарын үйл ажиллагаанд шинэ дэвшил, өргөн цар хүрээтэй боломжууд бүрдэх болно.