EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам"-ыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

Уг журмаар газар зохион байгуулалт хийх үйл ажиллагааг цахимжуулах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, Газрын тухай хуульд заасан газрын сан нэгдмэл байх зарчмыг хэрэгжүүлэх, газрыг зүй зохистой ашиглах, төлөвлөлттэй, хяналттай газар ашиглалтыг бий болгож, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тавигдах шаардлага, боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зохицуулалтуудыг нарийвчлан тусгалаа.

Газар зохион байгуулалт журам батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:

1.  Газрын тухай хууль тогтоомж, хот суурины төлөвлөлт, газар ашиглалтын шаардлага, норм дүрмийн хэрэгжилт сайжирна.

2.  Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаанд талуудын оролцоо сайжирч, эрх үүрэг тодорхой болно.

3.  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тавигдах үндсэн шаардлага, агуулга, боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болно.

4.  Газрыг судалгаа, нотолгоонд үндэслэсэн зөвхөн төлөвлөлтийн дагуу олгох нөхцөл бүрдэнэ.

5.  Хот суурины газрын хяналтгүй тэлэлт, атар газрыг тариаланд шилжүүлэхгүйгээр тариалангийн зориулалтаар олгох зэрэг хууль бус үйлдлээс сэргийлэх, газар ашиглалтад тавих төрийн хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ.

6.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх, маргаан гарах нөхцөл, шалтгааныг бууруулна.

Дээш буцах