“ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ИЙН ӨДӨР-2019 ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Газарзүйн мэдээллийн системийн өдөр” буюу “GIS day”-г жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь Лхагва гаригт газарзүйн мэдээллийн системийн технологийн хэрэглээ, хөгжил дэвшлийг тэмдэглэх зорилгоор газарзүйн чиглэлээр ажилладаг, судалдаг хэн бүхэнд зориулан нээлттэйгээр зохион байгуулж эхлээд 20 жил болж байна.
Монгол улсад анх 2008 онд ГМС-ийн мэргэжилтэн залуус энэхүү өдрийг тэмдэглэх санаачилгыг гарган, 2009 онд албан ёсоор анхны ГМС-ийн өдрийг тэмдэглэн, олон нийт, салбарын судлаачид, мэргэжилтнүүд, оюутнуудыг хамруулсан байна.
Дэлхийн өнцөг булан бүрт салбар бүр өөрийн хүрээнд “GIS day”-г тэмдэглэхээр бүртгүүлсэн бөгөөд Монголын гео-мэдээллийн холбоо (МГХ) нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи уул уурхайн сургуулийн ГЕОДЕЗИЙН САЛБАР-тай хамтран, МонМэп ХХК-ийн дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 13-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд нийт 40 гаруй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд болох 100 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, багш, оюутан нар оролцсон томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэ жилийн арга хэмжээг нээж ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү салбарын тулгамдаж буй асуудлууд цаашид бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг танилцуулж, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мэргэжлийн ТББ-ын энэхүү үйл ажиллагаа нь дэмжлэг болохыг онцлож, цаашид хамтран ажиллахад нээлттэй болохыг хэлсэн. Харин МГХ-ы тэргүүн Др. Б.Баяртунгалаг холбооны зүгээс энэхүү дэмжлэгийг таатайгаар хүлээн авч дараа жил зохион байгуулах үйл ажиллагаануудыг дурьдан танилцуулж, ГМС-ийн өдрийн мэндийг салбарын мэргэжилтнүүд, судлаач, оюутан, сонирхогч нарт хүргэлээ.
Энэхүү арга хэмжээ нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба үдээс өмнөх хэсэгт бодлого тодорхойлогч төрийн байгууллагаас эхлээд газарзүйн мэдээллийн системийг амжилттай ашиглаж, тус салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй томоохон хувийн хэвшлийн байгууллагуудын олон сонирхолтой илтгэлүүд танилцуулагдлаа.
Үүнд:
· ArcGIS-ийн шинэ бүтээгдэхүүнүүд – Б.Жавзандулам, МонМэп ХХК
· “Монголын малчин өрхүүдийн даван туулах, дасан зохицох чадварыг хиймэл дагуулын мэдээний тусламжтайгаар нэмэгдүүлэх нь /SIBELUs/” төслийн танилцуулга - М.Одбаяр, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
· Орон зайн мэдээллийн хэрэглээ – Э.Баярмаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
· Монгол орны экосистемийн үндэсний атлас - Др. М.Саандарь, МонМэп ХХК-ийн Ерөнхий захирал
· Чингэлтэй дүүргийн амьдрах орчны судалгаанд орон зайн дүн шинжилгээ хийх арга зүй - Г.Цогтдэлгэр, Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газрын Орон зайн мэдээллийн системийн мэргэжилтэн
· ГМС- ийг байр зүйн зураглалын ажилд ашиглах нь /Геосан ХХК- ийн жишээн дээр/ - П.Алтанцэцэг, МГФЗЗХ- ны ТУЗ гишүүн, Геосан ХХК-ны зөвлөх
· Газрын менежментэд ГМС- ийн програм хангамжийг ашиглаж буй байдал - Б.Сэр-Од, ХААИС-ийн багш
· ArcGIS Insights -ийн танилцуулга - Ш.Нямжаргал, МонМэп ХХК-ийн Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн
Үдээс хойш арга хэмжээ нь ШУТИС, ГУУС, Геодезийн салбартай хамтран Ш.Нямжаргал, МонМэп ХХК-ийн Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн “Гео-семинар” хэлбэрээр зохион байгуулагдаж “ArcGIS Online програм хангамжийн танилцуулга, хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 30 гаруй хүн оролцсон бөгөөд АrcGIS Онлайн-хэрэгслүүдийг ашиглан хээрийн судалгааны мэдээллүүдийг цуглуулах, цуглуулсан мэдээллүүдийг нэгтгэн гео-мэдээллийн сан үүсгэн, дүн шинжилгээ хийх, интернетийн орчин болон смарт төхөөрөмжүүд гаргах зэрэг ArcGIS-ийн шинэ технологиудыг ашиглах тухай мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.
Тус өдөрт хэлэлцэгдсэн илтгэлүүдийг https://www.facebook.com/geomedeelel/, http://www.geomedeelel.mn татаж авч үзнэ үү.