ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ ТӨВ НЭЭГДЛЭЭ.
Газрын тухай хуульд Газрын биржийг байгуулж, ажиллуулахаар заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2016 оноос эхлэн Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү системээр газар өмчлөх, эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх, газрын зах зээлийн үнийн мэдээллээр иргэдэд үйлчлэх зэргээр газрын зах зээлийг нээлттэй болгож байна.
Газрын биржийн цахим системд иргэд гар утас, таблет, компьютер зэргийг ашиглан байршил, цаг хугацаанаас үл хамааран ажиллах боломжтой бөгөөд ашиглахад хялбар, ойлгомжтой байдлаар хөгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод байгаа хүн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаж өгсөн юм.
Газрын биржийн цахим системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд боловсон хүчнийг чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр хоёр долгионы GPS-ын хүлээн авагч, мониторингийн дэлгэц, ирж бүрэн компьютер, сканер, принтер болон холбогдох техник, тоног төхөөрөмжөөр хангаад байна.
Газрын биржийн цахим системийг иргэдэд илүү ойртуулах зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран “Газрын биржийн цахим төв”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” дахь салбарт байгуулж иргэд, олон нийтэд үйлчилж эхэллээ.
Энэхүү төвөөр дамжуулан Газрын биржийн цахим системээр явагддаг бүх үйлчилгээг хүргэх бөгөөд мөн Лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call CENTER”, Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киоск” үйлчилгээг хамтад авах боломжтой юм. Үүнд:
- Газрын биржийн цахим системээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох, газар өмчлөх эрхээ худалдах, эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл авах, газар өмчлөх, эзэмших эрхийн барьцааны лавлагаа авах, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн талаар мэдээлэл болон зөвлөгөө авах
- Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх /Гэрэгэ киоск/-оор Газрын гэрчилгээний хураамж, Кадастрын зургийн үнэ, Барьцаа бүртгэлийн хураамж, Газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсний торгууль, Дуудлага худалдааны дэнчин, хураамжийг төлөх
- Лавлах үйлчилгээний нэгдсэн систем Call Center /7777-1285/-ээр Газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын жагсаалт, газрын төлбөр төлөх дансны дугаар, Үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мессенжер болон СМС лавлагаа авах
Газрын биржийн цахим системтэй холбоотой мэдээллийг www.mle.mn цахим хуудас болон 7777-1285 дугаараар холбогдож болно.