EN

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭТГЭЛ, ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.18) нэгдсэн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, цахим системийн талаарх мэдээллийг
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрээр Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар гэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 3.6-д “Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.7-д “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлэх”, Монгол Улсын Их Хурлын 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.2 “Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч бусад байгууллагын санг нэгдсэн стандартад шилжүүлэх, геопорталаар дамжуулан төрийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтын "Нэг газрын зураг", иргэд, олон нийт, бизнесийн зориулалттай "Нээлттэй газрын зураг" цахим үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх” гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж, бэхжүүлэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжуулж салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг оновчтой зөв, хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд газрын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Газрын багц хуулиуд (Газрын ерөнхий хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль)-ыг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.
Мөн хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр газрын салбар дахь төлөвлөлтгүй газар олголт, давхардал арилж, газрын ашиглалт, хамгаалалт бүрэн хэрэгжиж улмаар газар зохион байгуулалт, хот байгуулалтын уялдааг хангах, газрын доройтол, газрын төлөв байдлын үзүүлэлтэд чанарын өөрчлөлт хийгдэх, иргэд олон нийтийн оролцоо нэмэгдэж газрын харилцааны салбарын шинэтгэл бүрэн хийгдэж иргэн, хуулийн этгээдэд учирч буй хүнд сурталын шат дамжлага, газрын маргаан, зөрчлийг арилгах боломж бүрдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү цахим систем нь газрын харилцааны цогц үйл ажиллагаанд салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийг бүрдүүлэх, түгээх зориулалт бүхий техник хангамж, түргэн шуурхай солилцох өндөр хурдны дэд бүтцээс бүрдэж байна.
Уг цахим системд 542,925 өмчлөл, 431,418 эзэмшил, 5,353 ашиглалтад олгогдсон газар бүртгэгдэж, газартай холбоотой бүхий л үйл ажиллагааг тус системээр зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Авилгын төсөөллийн индексийг бууруулах ажлын хүрээнд газрын харилцааны салбарт цахим шилжилтийг хийж газартай холбоотой үйлчилгээг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй, ил тод болгох ажлыг эхлүүллээ.
Урьд нь иргэн, хуулийн этгээдэд газартай холбоотой үйлчилгээ үзүүлэх, газрын эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг олгоход 30-60 хоногийн хугацаа зарцуулдаг, төрийн албан хаагчдаас хэт хамааралтай байсан бол газрын харилцааны үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар хүнээс хамааралтай байдлыг багасгаж, шаардлагагүй гарын үсэг, олон шат дамжлагыг бууруулсан бөгөөд төрийн болон иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмшигчийн мэдээллийг нээлттэй болголоо. Тухайлбал:
• Улсын бүртгэлийн дугаарыг систем автоматаар олгодог болсоноор 14 хоногоос 1 секунд;
• Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг нууцлал бүхий /QR/ кодтойгоор иргэд өөрсдөө хэвлэн авах боломжтой болсоноор 45 хоногоос 1 минут;
• Системд хэрэглэгчийн эрх олгох үйл ажиллагааг цахимжуулснаар тус ажилд зарцуулагдах хугацаа 14 хоногоос 1 хоног;
• Газрын хэмжилт, зураглалыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цахимаар нэгдсэн системд оруулах боломжийг бүрдүүлснээр 14 хоногоос 1 минут болж тус тус багассан.
Ийнхүү иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ болон захиалгат хянан баталгаа, лавлагаа зэрэг 42 төрлийн үйлчилгээг QR кодоор баталгаажуулан цахимаар үнэгүй авах болсон.
Үүний үр дүнд 2022 оны 03 дугаар сарын байдлаар нийт 40235 иргэн, хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зураг, захиалгат хянан баталгаа, лавлагааг цахимаар хэвлэн авч 832.1 сая гаруй төгрөгийг хэмнэсэн байна.
Эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газраас хууль эрх зүйн орчны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, “Нэг улс-Нэг газрын зураг” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн болон газар зүйн мэдээллийн системд суурилсан гурав болон дөрвөн хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар, эрчимтэй хэрэгжүүлж байна.
Мөн цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан газар хөгжүүлэх санг бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зайнаас тандан судлалын технологид суурилсан газар ашиглалтыг тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улс тоон эдийн засагт шилжиж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх, сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн байгууллагаас удирдаж, хэрэглэж буй орон зайн мэдээллийн сангуудыг нэгдсэн дэд бүтцэд оруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг болж аж үйлдвэр, технологийн хөгжлийн дэвшилийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн газрын харилцааны шинэтгэлийг бүрэн утгаар нь хийж, ил тод, нээлттэй, иргэн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацааг хэмнэсэн, чирэгдэлгүй, авлигаас ангид цахим салбарыг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Дээш буцах