ГАЗРЫН КАДАСТРЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХОЛБОГДОЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО
Энэхүү ажлын гол зорилго нь төрийн үйл ажиллагааны шат дамжлагыг багасгах, хөрөнгө хэмнэх, харилцан мэдээлэл цахимаар солилцоход оршиж байна.
Монгол улсын хэмжээнд 1 сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглал Улсын нэгдсэн системд бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр иргэн хуулийн этгээдийн хөрөнгийн мэдээллээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар лавлагаа авах боломжтой юм.
Хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2 төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгөх, нууцтай холбоотой мэдээлэлтэй ажиллаж буй албан хаагчдын эрх үүрэг болон нууцын баталгааг холбогдох хууль журмын дагуу тодорхойлж өгснөөр иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, задрах, алдагдах эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Мөн Хур системээр дамжуулан манай байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээллийг цахимаар авч байгаа байгууллага болон албан хаагчдын түүхчилсэн мэдээлэл нь серверт бичигддэг тул мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих боломжтой юм.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Монголын нотариатчдын танхим зэрэг хувь хүний нууцтай холбоотой ажилладаг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцдог бөгөөд тус байгууллага нь газартай холбоотой үйл ажиллагаагаа цахимжуулж, төрийн нэгдсэн ХУР системээр дамжуулан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж дараагийн байгууллагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг нэгтгэн хамтран ажиллах болж байгаадаа таатай байна.
Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тухайн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад 30 гаруй албан бичгийг цаасаар явуулан лавлагаа авдаг байсан бөгөөд хугацааны хувьд 5-20 хоногийг зарцуулж байв. Мөн лавлагаа ирсний дараагаар тухайн харьяа газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад дахин албан тоот хүргүүлж, түдгэлзүүлэх асуудлыг 4 хоногийн хугацаанд шийдвэрлүүлдэг байсан.
Харин одоо газартай холбоотой лавлагааг цахимаар тухай бүр солилцох, газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтой болсноор төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хоорондын хамтын ажиллагаа сайжирч, ажлын ачаалал буурч, үргүй зардал, цаг хугацаа хэмнэгдэж, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирах боломж бүрдэж байна.