EN

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН ЭРХЛЭХ ЖУРАМ, ТАЙЛАНГИЙН МАЯГТУУД ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар "Газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журам, тайлангийн маягт"-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа. 

Газрын харилцаатай холбоотой үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, нэгдсэн нэг мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам”, 2003 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтуудыг шинэчлэн боловсруулсан. 

Журам шинэчлэгдсэнээр Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” цахим системээр дамжуулан төрийн байгууллага болон бусад байгууллагатай газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийг солилцох, зураглалд суурилсан бүртгэлийн мэдээллийг нэгтгэх боломжтой болсон бөгөөд салбар хоорондын уялдаа холбоо хангагдаж салбар бүрд үүссэн газрын зураглал, бүртгэлийн мэдээллүүд нэгтгэгдэн газрын сан нэгдмэл байх боломж бүрдлээ.

Мөн Газрын нэгдмэл сангийн ангиллын газруудын шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг тухай бүр автоматаар хийж гүйцэтгэх, тайлан, статистик тоон мэдээллийг батлагдсан маягтын дагуу QR-кодоор баталгаажуулан гаргах боломжтой системийг нэвтрүүлж байгаа бөгөөд Газрын нэгдмэл сангийн ангиллын газрын мэдээллийг цахим систем /www.egazar.gov.mn/-ээр дамжуулан иргэд, олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх боломж бүрдээд байна.

Тус журмыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад олон байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах юм.

Дээш буцах