EN

ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

    Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-ны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 98 дугаар захирамжаар баталж, ажлын албаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг томилсон. Газрын шинэтгэлийн Үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө даргалах бөгөөд бүрэлдэхүүнд яамдын сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байгаа юм. Энэхүү хороо нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон ОУ-ын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм. Тус хороо нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, хуралдааны дэг болон 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийн хэлэлцлээ.

    Анхдугаар хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхиий сайд, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хэлэхдээ, Улсын хэмжээнд тэрдундаа нийслэлд газар түүний хэрэглээ, эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой шинэ тутам үүсч байгаа харилцааг зохицуулах, түүнийг дагасан бусад нийгмийн харилцаануудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага хэдийнээс үүссэн ч төрөөс явуулж буй ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Газраас үүдэн хот хөдөөгүй иргэд хоорондын маргаан гарч цаашлаад хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой ихээхэн хүндрэлийг дагуулж үндэсний хэмжээний асуудал үүсгээд байна. Үүнийг бид тал талаас нь авч хэлэлцэн уялдаа холбоотой нэгдсэн бодлого явуулж, богино хугацаанд зохицуулах хэрэгтэй байна. Тухайлбал, энэ жил Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Хүн амыг тариа будаа, хүнсний ногоогоор хангаж, малын тэжээл үйлдвэрлэж буй энэ салбараа хөгжүүлэх ёстой. Малчид олон нийттэй ойлголцох шаардлагатай. Энэ бол хорооны хийх ажлын нэг хэсэг. Үүн шиг эхлээд Монгол Улсынхаа нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулж, бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн байгуулах хэрэгтэй байна гэв.

    Хуралд оролцогчид Газрын шинэтгэл Үндэсний хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоосон байдлыг нягтлах, гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг иргэний болон хуулийн этгээдийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах, төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, газрын талаарх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газар, газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн оновчтой тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг 2018 онд багтаан  хэлэлцэхээр санал нэгтэй дэмжин баталлаа.

Дээш буцах