EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ ХАВРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний хүрээнд Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо НҮТББ нь геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад геодези, зураг зүйн салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй мэргэжилтэн хамрагдсан бөгөөд геодези, зураг зүйн зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл заан оролцов.
Сургалтын агуулга нь геодези, зураг зүй, зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, инженер геодези, орон зайн дүн шинжилгээ, GNSS болон солбицлын тогтолцоо, агаар сансрын зураглал, дүрс мэдээ боловсруулалт, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хэрэглээ, геодезийн хэмжилтийн нарийвчлал, багаж тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, геодезийн мониторинг, салбарын хууль эрх зүй, стандарт, норм дүрэм, кадастрын цахим систем, удирдлагын нэгдсэн систем, геодезийн үйлдвэрлэлийн программчлал, шинжлэх ухааны судалгааны арга зүй болон салбарын менежментийн чиглэлийн сэдвүүдийг хамарсан болно.
2026 оны хаврын шалгалтын бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
✅ Өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
✅ Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
✅ Шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
Шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 262582, 90666398 утсаар лавлана уу.
Дээш буцах