ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зурагзүйн холбоо хамтран зохион байгуулж буй "Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн" 2019 оны 04 сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Төрийн ордны их танхимд боллоо.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, удирдлагууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар, Монголын геодези, фотограмметр, геодези, зураг зүйн холбоо, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар нээж, Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүн М.Билэгт, С.Бямбацогт, Гавьяат барилгачин Б.Рагчаа нар мэндчилгээ дэвшүүллээ.
Геодези, зураг зүйн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа Улсын хилийг зураглах, хилийн баганы солбицлыг геодезийн аргаар тодорхойлж улс орныг батлан хамгаалж, аюулгүй байдлыг хангахад, мөн байгаль орчин, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, зам тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төлөвлөлт, ашиглалтад суурь газрын зураг, орон зайн мэдээллийн санг бүрдүүлээд зогсохгүй, хэмжилт зураглалт, хяналтыг гүйцэтгэдэг 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй, салбарын хэмжээнд 2000 гаруй ажилтан, албан хаагчтай томоохон салбар юм.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Геодези, зурагзүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, Геодези, зураг зүйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар БХБЯ-наас, Салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, Геодези, зурагзүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхийг дээшлүүлэх шаардлага, үнэлэмжийн талаар МГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, Нийслэл хотыг хөгжүүлэхэд Геодези, байр зүйн зургийн хэрэгцээ, шаардлагын талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Аймаг, орон нутгийг хөгжүүлэхэд Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлагын талаар Дорноговь аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Оюунсайхан нар болон бусад илтгэлүүдийг танилцууллаа.
Мөн Геодези, зурагзүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн /хамгийн сүүлийн үеийн техник, технологийг багтаасан/ зохион байгуулагдаж салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг Батлан хамгаалах, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Барилга, Хот байгуулалт, Геологи, уул уурхай, Инженерийн дэд бүтцийн салбарт хэрхэн ашиглаж байгааг танилцуулахаас гадна нийтийн хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн газрын зураг, атласыг толилон харуулсан юм.
Мөн Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөнөөр “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг өрнөж зөвлөмж гаргав.
Геодези, зураг зүйн салбар нь дараахь томоохон ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:
- Монгол Улсын хилийг тогтооход хамтран оролцож хилийн багануудыг геодезийн хэмжилтээр солбицолжуулан, хилийн шугамыг зурагласан ба улсын хилийг НҮБ-аар баталгаажуулах суурь мэдээллийг бүрдүүлсэн.
- Монгол орны нийт нутаг дэвсгэрийг 1:100000 болон түүнээс жижиг масштабын байр зүйн зургаар бүрэн зурагжуулсан.
- 2012-2019 онд нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан.
- Аймгийн төв, сумын төв, томоохон суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн болон кадастрын зураг, газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглал, орон зайн мэдээллийн санг бүрдүүлсэн юм.
- 2013-2017 онд хаягийн мэдээллийн систем байгуулах ажлын хүрээнд суурин газрын төвийг 1:1000, суурингаас бусад газрыг 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн санг байгуулсан.
- Мөн 1980 онд 242000 газар зүйн нэрийг газар дээр нь явж тодруулан 2004 онд 214000 газар зүйн нэрийг УИХ-аар батлуулсан.
Эдгээр газрын зураг, орон зайн мэдээллийн сан, хаягийн мэдээллийн санг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.