ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ MNS ISO/IEC 17025:2018 ШААРДЛАГЫГ ХАНГАЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Геодезийн хэмжил зүйн лаборатори MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт, тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартаар итгэмжлэлийн шалгуураа хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/148 дугаар тушаалаар 4 жилийн хугацаатайгаар давтан итгэмжлэгдэж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээг гардан авлаа.
Геодезийн хэмжил зүйн лаборатори нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасны дагуу “Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулах” чиг үүргийг хэрэгжүүлэн, геодезийн бүх төрлийн хэмжилт, зураглалын ажилд зориулагдсан өнцөг, зай, өндөр, хүндийн хүчний хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох геодезийн хэмжилт, зураглалын ажилд хэрэглэгддэг бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Үндэсний итгэмжлэлийн төв нь Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC - Asia pacific accreditation cooperation)-ын жинхэнэ гишүүн бөгөөд Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээрт нэгдэн Монгол Улсыг төлөөлж ажилладаг юм.
Тус төвөөс итгэмжлэгдсэнээрээ манай лабораторийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдээд байна.