ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 22 дахь удаагийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаа Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Монгол Банк, Зам тээвэр хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газар болон нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга, JDS тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүд, 2022 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 төрийн албан хаагч оролцлоо.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавихаар харилцан зөвшөөрсөн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм.
Оролцогсдод хандан JDS тэтгэлэгт хөтөлбөрийн мөн чанар, хүний хөгжлийг дэмжих зорилго, Монгол Улсын хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Кикүма Шигэрү, “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимүра Токүжи нар үг хэллээ.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь төрийн захиргааны болон орон нутгийн бүх төрийн албан хаагчдад нээлттэй бөгөөд Монгол улсад хэрэгжиж эхэлснээс хойших 21 жилд төрийн болон хувийн хэвшлийн 400 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж, манай улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байна.