EN

ХБНГУ-ЫН АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАНЫ ЗӨВЛӨХ РАЛЬФ ТОМАС ШЕНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🇲🇳🇩🇪 Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ахмад мэргэжилтний албатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Газрын бирж, газрын төлбөр, татвар, хураамжийн чиглэлээр зөвлөх мэргэжилтэн 2024 оны 9 дүгээр сарын 3-21-ний өдрүүдэд тус байгууллага дээр ажиллаж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын Ахмад мэргэжилтний албаны зөвлөх Ральф Томас Шенкийг ГЗБГЗЗЕГ-ын удирдлага хүлээн авч уулзан, хийгдэх ажлын төлөвлөгөө, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Зөвлөх Ральф Томас Шенк нь ХБНГУ-ын Шенкензел хотын захирагчаар 3 удаа сонгогдон ажиллаж байсан, мөн газрын бүртгэл, төлбөр, татварын чиглэлээр олон жил ажилласан өргөн туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрбээр дээрх гэрээний дагуу ХБНГУ болон Европын холбооны газрын бирж, газрын төлбөр, татварын системийн нөхцөл байдлын давуу болон сул талыг тодорхойлох, Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулсан дүгнэлт гаргах юм.
Мөн агентлаг болон аймаг, Нийслэл, дүүргийн газрын албаны холбогдох мэргэжилтнүүдэд газрын бирж, газрын төлбөр, татварын системийн талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллах юм.
Дээш буцах