EN

ХИЛИЙН БООМТЫН БҮСИЙН ЗОРИУЛАЛТААР УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ГАЗРЫН АШИГЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Шивээхүрэн боомтод Монгол Улсын Их Хурлын даргын 290 дүгээр захирамжаар байгуулагдсан “Боомтыг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, боомтын хяналт, аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа, татварын зохицуулалт, дэд бүтэц, логистикийн үйлчилгээ, боомтын захиргаанаас орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалтуудыг судлан, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.03.29-30/ томилолтоор ажиллаж, холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд асан, Засгийн газрын Тусгай үүрэгт элчин сайд С.Баяр нар оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид нь Хилийн Боомтын бүсийн зориулалтаар Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй хилийн Шивээхүрэн боомт орчмын газар болон Боомтын сэргэлтийн хүрээнд мега төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн газруудын ашиглалт, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж байна. Мөн энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь тус ажлын хэсгийн гишүүдэд хилийн боомтын бүсийн газар ашиглалтын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн хугацаанд Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод:
- Жилд 22 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах (жолоочтой тээвэр, 5G, AGV) терминал;
- Шивээхүрэн төмөр замын өртөө, төмөр зам;
- Жилд 10 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах терминал байгуулагдсан.
Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд нүүрсний экспорт 50 гаруй хувиар нэмэгдэх боломж бүрджээ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд 52 сая тонн нүүрс экспортлох боломжтой юм. Одоогийн байдлаар тус боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортолсон байна.
Дээш буцах