Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаарагдах 11 орон “Хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн хөтөлбөр” (DSL-IP)-ийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвийн дор Төв Азид Монгол улс, Казахстан улсад төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд бий болсон сайн туршлага, мэдлэгийг хуваалцах анхны арга хэмжээг өнгөрсөн онд Казахстаны Алматы хотод зохион байгуулж байсан.
Энэ удаад Монгол улсад хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцах зорилгоор төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль хамгааллын олон улсын холбоо (IUCN), Дэлхийн газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ (WOCAT), Казахстан Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газрын нөөцийн менежментийн хороо, үндэсний болон орон нутгийн газрын албаны холбогдох албан тушаалтнууд, Киргизстан Улсын Бэлчээрийн төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 20 гаруй гадаадын төлөөлөгчид 2025 оны 08 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах семинар болон танилцах аялалд оролцож байна.
Уг туршлага солилцох арга хэмжээнд оролцогч, төлөөлөгчид өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус газар нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрыг хэмжих, зураглах, төлөвлөх, бүртгэх, үнэлэх, төлөв байдал, чанарыг хянах, хяналт шалгалт хийх зэрэг үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн тусламжтайгаар иргэд, олон нийтэд нээлттэй ил тод байдлаар үзүүлж байна.
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг боловсронгуй болгох, газрын харилцааны бодлогын шинэчлэлтийг хийж хэрэгжүүлэхэд Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслөөс дэмжин хамтран ажиллаж байна. Үүнд:

Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, салбар дундын олон талт оролцоонд тулгуурласан “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний аргачлал” болон “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний аргачлал”-ыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, улсын хэмжээнд хэрэгжих аргачлал болж шинэчлэн батлагдсан.

Энэ аргачлалын дагуу Дорнод хээрийн төслийн дэмжлэгтэйгээр Зүүн бүсийн хэмжээнд буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 18 хувийг хамарсан ландшафтын түвшний нэгдмэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй болсон бол бусад төсөл, хөтөлбөр, орон нутгийн санхүүжилтээр нэмж нийт газар нутгийн 30 гаруй хувийг хамарсан шинэлэг аргачлалаар боловсруулсан төлөвлөгөөтэй болоод байна.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем буюу
egazar.gov.mn дээр биологийн олон янз байдлын дашбоард, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах дашбоард, бэлчээрийн фотомониторингийн сэргэх чадварыг 5 жилээр харах боломжтой дашбоардуудыг хэрэглэхэд энгийн, ойлгомжтой байдлаар хөгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

”Belcheer” гар утасны аппликейшнийг 2024 онд хөгжүүлэн туршиж, энэ оны 8 сард үндэсний хэмжээнд хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлснээр газрын даамал болон бэлчээрийн мэргэжилтний ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төслийн зүгээс Зүүн бүсийн хэмжээнд газрын даамал болон бэлчээрийн мэргэжилтнүүдийг бэлчээрийн фотомониторингийн судалгаа хийхэд шаардлагатай багаж, хэрэгслээр хангаад байна.

Тухайн жилийн бэлчээрийн фотомониторингийн судалгааны үр дүнд тулгуурлан оролцооны аргаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний салшгүй хэсэг болох бэлчээрийн менежментийг хийх практик дадлагыг зүүн бүсэд сүүлийн 3 жилд тогтмол хийж хэвшүүлээд байна.

Бэлчээрийн фотомониторингийн цэгийн төлөөлөх талбайг зураглах арга зүйг боловсруулан баталсан бөгөөд ингэснээр бэлчээрийн фотомониторингийн судалгааны үр дүн илүү чанаржих боломж бүрдэж байна.