ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ ЗОРИУЛАЛТААР ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.5.Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Кокс-химийн цогцолбор, Нүүрс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Жоншны хүдэр боловсруулах цогцолбор, Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар тусгасан.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хуралдаанаар дараах байршлуудад Үйлдвэр технологийн парк байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа. Үүнд:
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт Бор-Өндөрийн жоншны орд, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордуудын нөөцөд тулгуурлан байгуулагдах Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн паркийн “Жонш боловсруулах цогцолбор”;
- Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутаг дэвсгэрт байгуулагдах Хөтөл үйлдвэрлэл, технологийн паркийн “Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор”;
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан байгуулагдах Тавантолгой үйлдвэрлэл, технологийн паркийн “Кокс-химийн цогцолбор”-ын газруудыг тус тус Улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Дээрх газруудыг улсын тусгай хэрэгцээнд авснаар үйлдвэр технологийн паркуудын газрын асуудлыг шийдвэрлэх, цаашлаад төрийн өмчийн ордуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар улс орны нийгэм эдийн засагт өндөр өгөөж бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.