EN

МХҮХ, ХБХХЕГ, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуульд брайль газрын зураг атласыг хүлээлгэн өглөө

БХБЯ, ГЗБГЗЗГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан дараах 5 төрлийн брайль газрын зураг, атласыг 2018-2019 онд зохион, 2019-2020 онд хэвлүүлсэн билээ. Үүнд:

1.    Дэлхийн физик газар зүйн зураг,

2.    Монгол улсын засаг, захиргааны зураг,

3.    116 дугаар сургууль орчмын тойм зураг,

4.    116 дугаар сургуулийн хашаан доторх тойм  зураг;

5.    21 аймаг, нийслэлийг харуулсан Монгол орны атлас.

Брайль атласыг 21 аймаг, нийслэлийн хил, сумын хил, сумын төв, томоохон гол, нуур, тэдгээрийн нэр гэсэн агуулгатайгаар 1:200000-1:1700000-ны масштабаар зохиосон.

Дэлхийн газрын зураг дээрээс дэлхийн тивүүд, далай тэнгис, томоохон арлууд хаана байрлаж байгааг таньж мэдэн газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Монгол улсын засаг захиргааны зураг дээр 21 аймаг, нийслэл, тэдгээрийн төв, хөрш улсын нэрийг брайль үсгээр тэмдэглэн аймгуудын хэлбэр, хэмжээ, байршлыг мэдэх боломжоор хангалаа.

Харааны бэрхшээлтэй сурагчид “116-р сургууль орчмын брайль газрын зураг”-ийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ явж, “116-р сургуулийн хашаан доторх брайль газрын зураг” ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой бүрдсэн.

Брайль газрын зураг, атласыг харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ба хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичсэн төдийгүй харааны тодорхой хувийн алдагдалтай иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн юм.

Брайль атласыг олон улсын стандартад нийцсэн арга, технологиор гүйцэтгэлээ.

Брайль газрын зураг, атласыг 530 ширхэгийг 2019-2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуульд тус тус хүлээлгэн өгсөн билээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас брайль атлас - 15 ширхэг, 4 төрлийн брайль газрын зураг - 227 ширхэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраар дамжуулан Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуульд хүлээлгэн өгч байна.

Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд брайль газрын зураг, атласаар дамжуулан дэлхийтэй, Монгол улс, тэдгээрийн хэлбэр хэмжээтэй танилцах боломжийг бүрдүүллээ.

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г.Ганзориг /МХҮХ-ны нийгмийн ажилтан/, М.Явуухулан /ХБХХЕГ-ын, Тамгын газрын дарга/, М.Алтаннавч, Ц.Гэрэлтуяа /Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн сургалтын менежер/ нар хүрэлцэн ирж брайль газрын зураг атласыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо.

Дээш буцах