EN

“МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ” НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

“МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ” номын нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын нийтийн номын санд зохион байгуулагдлаа. Нээлтэнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай, Доктор Ж.Гэрэлбадрах, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд болон Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүд хадгалагдаж байна.

172 түүхэн газрын зургийг судалгаанд хамруулан зургийн хэмжээ, материал, хийц, бүтээсэн арга зүй, он цаг, хийгдсэн байдал, гол онцлог, хэлний байдал, хадгалалтын нөхцөл байдал, ангиллын асуудал зэргийг тодорхойлсон.

Эдгээр зургийн судалгаа, мэдээллийг нэгтгэж Монголд анх удаа эх хувийг хэвлүүлж уг өвийн үнэ цэнэ, чанар, шинжлэх ухааны ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхээр хуучин газрын зургийн “Нутгийн зураг” төслийг “Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг”-тэй хамтран хэрэгжүүлсэн.

Төслийн үр дүнд Монголд хадгалагдаж буй хуучин газрын зургийн өвүүдийг олон нийтэд нээлттэй болгох, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж, архивын “Монгол нутгийн зураг түүхэн газрын зургийн цомог” 3 боть хэвлэгдэн гарсан.

Цомгийг зохион хэвлүүлж, түүхэн газрын зургийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүхэн газрын зургийг олон нийтэд төниулан сурталчлах арга хэмжээ авч, цомгийг хэвлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр Засгийн газрын 2020 оны 26 дугаар тогтоол батлагдсан.

            “Нутгийн зураг” цомог нь Монгол улсын хэмжээнд түүхэн газрын зургийг соёл түүхийн чухал өв сан, үнэт зүйлийг хадгалж хамгаалах, хойч үедээ түүхээ танин мэдэх ойлгох мэдлэгийг өвлүүлэн үлдээх, олон нийтэд нээлттэй болгоход чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.

Дээш буцах