МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 04 дүгээр захирамжаар "Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар ашиглалт бүртгэл, түүний хяналтын талаар болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан болно.
Ажлын хэсгийн хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тулгуурлан Улсын хэмжээнд 2003-2023 оны хооронд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудалд хяналт шалгалтын ажлыг хийсэн бөгөөд 21 аймгийн 41 сум, нийслэл, 9 дүүргийг сонгон авч газар олголттой холбоотой хяналт шалгалтын ажлыг газар дээр нь очиж гүйцэтгэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанд тус ажлын хэсгийн хяналт шалгалтын нэгдсэн тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулав.
Тус хуралдааны тэмдэглэлээр шалгалтад хамрагдаагүй үлдсэн 289 сумын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудалд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн газар дээр нь очиж гүйцэтгэх, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтан болон ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болголоо.